Бодол---Биеллээ олдог
Өчигдөр амьдарч байсан байшин руугаа очиж хуучин юмсаа цэгцэллээ. Номын тавиур цэгцлэх үеэрээ бяцхан дэвтэр том номнуудын завсар хавчигдсаныг зориуд гарган харахад 9 жилийн өмнө бичиж байсан өдрийн тэмдэглэлээ олсон юм. Хамгийн эхний хуудсан дээр би 15 настай боллоо гэж тэмдэглэж үлдээжээ. Энэхүү бяцхан, хайр татам түлхүүртэй дэвтрийг төрсөн өдрөөр минь ээж дүү хоёр минь бэлэглэсэн юм. Тэр жилийн төрсөн өдрөөрөө скаут болж, ховдод очиж 7 хоног сургалтанд суугаад төрсөн өдөр минь дуусахад нэг л цаг үлдсэн байхад яаран гэртээ орж ирсэн юм. Ариун цэврийн өрөө орчихоод, гарч ирэхэд төрсөн өдрийн ширээг хормын дотор засчихсан тэр хоёр минь намайг догдлон хүлээж байж билээ. Тэгээд бэлэг нямбайлан бэлдсэнээ өгөхөд энэхүү дэвтэр байсан нь сэтгэлийг минь ихэд хөдөлгөсөн юм даа. Багаасаа тэмдэглэлд дуртай учир хайртай хүмүүс минь тэмдэглэлт баяр бүрт зориулан тэмдэглэл өгөхөд их баярладаг. Одоо бодоход одоогийн мэргэжилтэй минь ч холбоотой мэт... Тэр жил аав, хоёр эгч оюутан болсон учир хотод байж таарсан юм. Тэр жилийн төрсөн өдрөөр ховдод олон сайхан хүмүүстэй танилцаж, би ч мартагдахгүй төрсөн өдрөө тэмдэглэсэн нь хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамжуудын нэг. Монгол хэлний багш маань өдрийн тэмдэглэл хөтөлвөл юмыг зохион байгуулалттай бодож, бас төлөвлөдөг болдог гэсэн юм. Ингэж л 9-р ангиасаа оюутан болтлоо бичсэн бяцхан дурсамжаа би ийнхүү эргэн өвөртөлсөн юм. Гэр лүүгээ харих замд дэлгээд нээж уншина гэхээс догдлон хөөрч байлаа. Одоогийн би тухайн үед хүсч мөрөөддөг байсан өөрийгөө бий болгосондоо баяртай байна. Хамгийн сайхан нь хэнээс ч илүү хайраар дутахгүй, бас адал явдлаар дүүрэн өнгөрчээ миний хүүхэд нас. Дэргэд байгаа зүйлээ хүн анзаардаггүй гэдэг шиг өөрийгөө тэр үед төдийлөн анзаардаггүй байсан ч өөрийгөө хөндлөнгийн нүдээр харахад их сайхан байна. Одоо хичнээн хүүхэд өдрийн тэмдэглэл бичиж түүнийгээ хадгалдаг бол... Бидэнд бодлоо цэгцлэх, өөрийгөө ойлгоход тэмдэглэл их тустай. Бас сэтгэл заслын нэг хэлбэр болдог. Өсвөр насандаа би их бухимдуу байжээ. ...Уур хүрчихлээ гэдэг үгийг нэлээдгүй бичсэн ажиглагдана. Харин тэмдэглэл бичээд л тайвширчихдаг байсан нь нэг сайн тал гэж харлаа. Мөн жижиг зүйлд ч их анхаарал хандуулж нухацтай ханддаг. Одоо ч хэвэндээ. Тухай үеийн бяцхан Болор одоо ч яг хэвэндээ. Дурсамжаа хадгалах миний хамгийн дуртай хобби. Хийх хамгийн дуртай зүйл. Одоо дурсамжаа тэмдэглэлийнхээ хажуугаар влогтоо хадгалахыг эрхэмлэх болжээ. Амжилт хүсье Болор. Бас энийг хэн нэгэн уншина гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ уншиж байвал над шиг дурсамжаа хадгалаад нэг үзээрэй. Яасан сайхан мэдрэмж гээч. Бас хамгийн сайхан тайвшрал. За амжилт бүхнийг хүсье. Амьдрал сайхан. Амьдрах бүүр сайхааан...
Comments
Post a Comment