Кафка "Хувирал"
Нэгэн залуу өглөө орон дотроо аварга том шавьж болчихсон сэрсэнээр Кафкагийн "Хувирал" тууж эхэлдэг.
Алдарт зохиолч Владимар Набоковын "Хувирал" зохиолын тухай лекц нь хамгийн алдартай задлан шинжлэлд ордог байна. Түүний задлан шинжилсэн лекцэнд
"ГРЕГОР БОЛ ХОРХОЙД ХУВИЛСАН ХҮН, ХАРИН ГЭР БҮЛИЙНХНИЙХ НЬ ХҮН ТӨРХТЭЙ ШАВЬЖНУУД ЮМ" гэж энэ зохиолын гол санааг маш тодорхой илэрхийлжээ.
Магадгүй өнгөрсөн жилийн Оскарын шагнал хүртсэн "Parasite" буюу шимэгч киноны санааг Франц Кафкагийн "Хувирал" туужаас авсан ч юм бил үү, хэн мэдэхэв. Учир нь 109 жилийн өмнө туурвисан зохиолдоо Кафка жинхэнэ шимэгчдийг харуулжээ.
Орчин үеийн хамгийн алдартай романч болох Харүки Мүраками ч "Хувирал" туужийн үргэлжлэл болгож "Дурласан Замза" зохиолыг бичжээ. Үүнд аварга шавьж болон хувирсан байсан Грегор Замза хүү эргэн хүн төрхтэйгөөр сэргэж, гэрт нь цоож засахаар ирсэн бөгтөр охинд дурладаг тухай гарна.
"Тагтаа паблишинг" 👏 Уншигчдад нэг зохиол хүргээд зогсохгүй дэлхийн алдартай зохиолчдын задлан шинжлэл, үргэлжлэл болсон туурвил, тэр бүү хэл Кафкагийн найзын тухай өгүүллэгийг хүртэл багтаасанд уншигчийн үүднээс гүнээ талархаж, жаргаж уншлаа. Энэ номонд багтсан "Цээрлүүлэх колонид" тууж ч бас зэвүүн зохиол байна. Ямар ном унших вэ гэж бодож байгаа бол "Хувирал" туужийг санал болгоё.
Хүний амьдрал, ертөнцийг үзэх үзэлд нөлөөлдөг тийм нэг зохиолууд байдаг. Тийм зохиол олж уншина гэдэг ховор хувь зохиолоор гайхалтай нэгэнтэй уулзахтай адил билээ. "Хувирал" туужийг уншснаар хайж байсан мэдрэмжээ олсон мэт сайхан байлаа.
"Хувирал" туужид эсрэгцэл хийгээд найрсал, хэл найруулга хийгээд агуулга, хэв маяг хийгээд үйл явдал төгс уялдан зохицсон байдаг гэж дэлхийн алдарт зохиолч Владимар Набоков дүгнэсэнд нэмэлт тайлбар илүүц биз ээ 💕

Comments
Post a Comment