"Мэлхий"
"Мэлхий"
/Номын тэмдэглэл/
Хятад зохиолч "Шанаган хорхой" хочит Мө Янь-ий энэ ном эгэл амьдралыг элдэв хачиргүйгээр сайн муутай нь уншигчийн өмнө асгасан зохиол ажээ. Тэгэж чадсан учраас л Нобелийн шагнал хүртсэн биз ээ. Ном 2009 онд хэвлэгдэж, 2012 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Зохиолч нэгэнтээ "Хятад орны нөхцөл байдал ийм хүнд хэцүү байгаагүйсэн бол би зохиолч болохгүй байсан" гэдэг.
Хятад улсыг Мао дарга захирч байсан үеийн ардын амьдрал, их өлсгөлөн, соёлын хувьсгал, улаан хамгаалагчдын үеийн тухай энд өгүүлнэ. Хүүхдүүд өлссөндөө нүүрс иднэ. Эмэгтэйчүүд төрөлт төлөвлөх улсын шийдвэрээс болж нэг гэр бүл нэг л хүүхэд төрүүлэх бодлого энэ үед хэрэгжиж эхэлнэ. Энэ бодлогоос үүдээд олон эмэгтэй ургаа авхуулах явцдаа амиа алдаж, олон ч эцэг эх хүн болж бойжиж буй ургаа тасар татуулна. Үнэхээрийн эмгэнэлтэй, зүрх зүсэм... Хожим энэ бодлогыг гардан хэрэгжүүлж байсан эмэгтэйчүүдийн эмч, эх баригч “авга” хүмүүст үр хүүхэд дууддаг хүүхэлдэй урлаачтай сууна. Харин арслан зүст/түүний туслах, сувилагч/ хүүхэд тээж төрүүлэх боломжгүй. Авга ч энэ амьдралынхаа турш үрийн зулай үнэрлэдэггүй. Тэгэхээр үйлийн үр, арга билгийн тухай ч энэ номонд гайхалтай өгүүлдэг. Өдөр тутмын хүний амьдрал. Тэр дундаа хөдөө тосгоны амьдрал.
Зохиолч өөрийн мөн чанарыг ч хайр найргүй уудлан гаргана. Ер нь зохиолч бичээчид өөрсдөө л энхийн цагаан тагтаа мэт аягладаг. Тэгвэл "шанаган хорхой" тэднээс тэс өөр. Өөрийн муу муухайг ч илхэнээ гаргажээ.Үе үе өөдгүй хүн бээ гэж зохиогчийг жигшсэн ч үнэндээ бид бүгд л хүн. Сайн нь муутай сүлэлдэж байдаг учраас түүнд харин ч талархмаар.
Сараачаад л баймаар багтаж ядсан сэтгэл зүйг “Мэлхий” надад үлдээлээ. Эмнэлэгт байгаа болохоор орой найм хагас гээд л гаднаас гэрлийн чийдэнг унтраана. Уншиж дуусгахсан. Яаж дуусдаг бол гэж өчигдрөөс хойш шатаж ядна. Өчигдөр гар утасныхаа чийдэнг асааж байгаад дөрвөн ч бүлэг уншсан. Өнөөдөр дуусгамаар амтат бал мэт байсан ч энэ номноос авсан мэдрэмжээ шөнөжин өдөржин сэтгэлдээ тунгаахыг хамгийн их хүслээ. Үнэтэй амтат дарс ууж байгаа мэт бага багаар амтал гэдэг шиг л. Харин “Мэлхий” номын хувьд үнэтэй дарснаас илүү хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн сайн чанарын сархад мэт. Олон жил дарсан, гэрийн аргаар исгэсэн хятад сархадыг уунгаа амьдралын тухай, хятадын тухайн үеийг хал үзэж, халуун чулуу долоосон хашир өвгөн зохиолч ширээнийхээ ард суучихаад надад хуучилж байгаа мэт. Өлсгөлөнгийн үеэр тэр үнэхээр халуун нүүрс долоож идэж байсан юм шүү. Өвгөн зохиолч сархадаасаа хааяа нэг хөнтрөнө. Бас тамхиа хэсэг баагиулна. Үнэрт нь уншигч би хэсэг мансуурна. Энэ үнэрт улам бүр тайвширна. “Нар жаргах дөхөж байна. Гарч эрэг дагуу жоохон алхацгаая” гэснээ хаврын урин ирж буй үест намайг дагуулан алхангаа хуучилж байгаа мэт. Энэ номонд “дөрөвдүгээр сарын нэгэн өдөр”, “дөрөвдүгээр сард хаврын урь” гэж зохиолч багагүй дүрсэлдэг. Хятадын уран зохиолд “Чи бол дөрөвдүгээр сар” гэсэн шүлэг ч бий. Яг энэ үе хавар ирж буй өдрүүдтэй давхцаж, дөрөвдүгээр сард төрсөн надад яг л дөрөвдүгээр сарын нэгэн өдөр мэт сэтгэгдэл төрлөө.
“Өглөөний нар мандлаа. Босоорой охин минь. Өнөөдөр тосгоны тариан талбайгаар гарч, цааш нэгдлийн эмнэлэг орж үзүүлье” гээд дугуйныхаа ард сундлан, замдаа чангаар тайлбарлан хүүрнэж байгаа мэт. Яг дэргэд минь хуучлах шиг сайхан бичжээ. Маргааш маргаангүй энэ ном дуусна. Ямархан сэтгэгдэл үлдээх бол чи надад...
Шанаган хорхой өтөл насандаа ирээд “Дон Кихот” ресторанд арслан зүстийг хүлээнгээ жүжгийн зохиол бичин суудаг. Энэ үед цонхны хажуу талын модон ширээний ард нөгөө талд нь би чимээгүй суугаад жараад жилийн өмнө байсан тосгон хэрхэн орчин үеийн хот болж байгааг зохиолчийн нүдээр хамт ширтэж, санаа алдаж байна. Жаран нас дөхөж байхдаа хүүгээ өлгийдөн авахаар тэр эрс шийдлээ. Цаашаа яах вэ. Бас хулгайч хүүд сүлбүүлэн зугтааж байхдаа ямар их бяр тэнхээтэйгээ мэдэрсэн нь ямар их эрч хүчийг хайрлаваа. Зохиолоо уншиж дуусгалаа. Эцэст нь хэлэхэд есөн үзэгдэл бүхий “Мэлхий” нэрт жүжиг хамаг зүрх сэтгэлийг булаалаа. Үгээр илэрхийлшгүй...
Миний өмнө амьдрал гэх далай их устайгаа цэлийн байгаа юм байна. Цэлийн цэлийхдээ бүр маш олон адал явдлыг өөртөө тээжээ. Хүн бүр зааварчилгаагүйгээр энэ далайд өөрийн салтайгаар их аянд морддог. Энэ үедээ гэр бүл, найз нөхөд, хайр сэтгэл, хамт олныг олж завь, сал, хөлөг онгоц сэлгэж, эргээд сал болох тохиолдол ч бишгүй гарах аж. Амьдралын цор ганц саланд минь маш олон хүн орж гарна. Тэр бүрт сэтгэлийн тэнхээтэй байж Авгыг бодоорой. Бас шанаган хорхой. Арслан зүст. Цөс Ван, Хамар Чэн. Бас хөмсөг Чэнийг бод.
Амьдрал бол далай. Намуун тогтуун өдөр байхад, аянга бууж, далайн шуурга ч багагүй тохионо. Гэхдээ юу гээч: Тэнгэрийн муухай арилдаг гэдэг дээ. Түүн шиг өглөө далайн дээгүүр нар ямар сайхан мандана гээч. Бас тэнгэр цэлмэж дээр нь жигүүртэй шувууд дүүлж, доор нь далайн амьдрал өрнөнө. Сар хичнээн тунгалаг мэлтийн гээч. Тэнгэр газрын тэг дунд, далай дээр сал завиндаа хүн бүр өөрийн амьдралын сайн муу, сайхан муухайтай тулалдаж, амьдралын мөн чанарыг алхам алхмаар мэдэрнэ. Тэд үнэн хэрэгтээ хуурай эх газар луу л тэмүүлж байгаа ганцхан зорилготой. Гэвч эх газарт очих үед аль хэдийн нас өтөл болж хорвоогийн мөнх бусыг үзнэ. Гашуун үнэн бол хүн эхийн хэвлийд бүрэлдээхээсээ эхлээд л үхэл рүү хурдалж байдаг. Бидний одоо хороож буй цаг хугацаа ахиж хэзээ ч нөхөгдөхгүй харин үхэл рүүгээ л илүү ойртож байна. Тиймээс одоо цагаа л мэдэр. Өнгөрөснөө харья гэвэл одоогоо, ирээдүйгээ харья гэвэл одоогоо л хар гэж Бурхан Багш хэлсэн байдаг. Тиймээс энэ их хөлгүй далайд эх газар харагдах үед бид энэ амьдралтай салах ёс хийхээс хойш аз жаргалд бялх. Зовлонд унасан ч тэнцвэрээ ол. Хөлгүй далайд салхи хаашаа эргэхийг мэдэхгүй учраас дотоод амгалангаа олж, хайрыг цэцэглүүлээрэй. Энэ амьдралын хамгийн гол утга учир мөн чанар бол хайр, нигүүлсэл юм байна. Залуу халуун насандаа энэ номыг уншсандаа туйлаас их талархаж байна. Залуу насанд ном бол багш гэдэг дээ.

Comments
Post a Comment