"Арьсан хүрэмт Мадонна"
Ном унших гэж тэгтлээ
тэмүүлдэггүй нэгэн байсан ч энэ байдал минь өөрчлөгдсөн. Номоор дамжуулж
хүмүүсийн дотоод ертөнц сэтгэл зүйн нарийн мэдрэмжийг мэдрэх болсон. Уншсан
зохиол бүрт зан чанар минь агуулагдах тусам улам бүр дурлан уншиж, үйл явдал
бүрт давхар гол дүр болж оролцоно. Дотоод сэтгэлтэйгээ нэлээд төстэй баатрыг Сабахаттин
Алигийн “Арьсан хүрэмт Мадонна” зохиолоос олсон юм. Тухайн зохиолын эрэгтэй
баатрын дотогшоогоо чиглэсэн, харин эмэгтэй баатрын хүмүүсийн талаарх бодол дотно
санагдсан билээ.
“...Одоо би Мариа Пүдэргүйгээр
амьдарч чадахгүй, өөрөөр хэлбэл энд ямар нэгэн болзол нөхцөл, шүүлтүүр ямарч
үүрэг гүйцэтгэхгүй болжээ. Ингэж бодоход анхандаа надад тун хачин санагдаж
байлаа. Өдгөөг хүртэл тийм хүн байдгийг ч мэдээгүй хэр нь одоо түүнгүйгээр
амьдарч чадахгүй болно гэж байх уу? Гэхдээ хэзээд ийм байдаггүй гэж үү? Бидэнд
хэрэгтэй гэдгийг бид тэр зүйлийг олж мэдсэнийхээ дараа л ухаардаггүй гэж үү?..
Би ч энэ мөчийг хүртэл ямар ч тэмүүлэл, зорилгогүй амьдарснаа энэ хүнийг
олоогүй байснаас болсон хэрэг гэж бодох болов. Хүмүүсээс зугтаж, дотор минь
төрсөн ямар ч бодлыг гадагш илэрхийлдэггүй зан минь надад учир утгагүй санагдаж
байв. Би уйтгарлан гунигладаг, амьдралаас залхдаг минь сэтгэцийн өвчний шинж
тэмдэг байх вий гэж түгшдэг байсан юм... Гэхдээ одоо энэ бүхэн өөрчлөгдсөн. Тэр
бүсгүйн зургийг харснаас хойших хэдэн долоо хоногийн турш бүхий л амьдралдаа
үзсэнээсээ илүү их зүйл туулснаа би мэдэрч байв. Урсан өнгөрөх өдөр хоног, цаг
мөч бүр минь хүртэл утга учиртай, дүүрэн болсон байлаа”... Зохиолын тус хэсэгт
зохиолын эрэгтэй гол баатар болох Райфийн дотоод сэтгэл, өмнө нь туулж
өнгөрүүлсэн амьдрал тодорхой зураглагджээ. Тэрээр ном зохиол унших дуртай хэдий
ч гаднах ертөнцтэй тэр бүр харилцахыг хүсдэггүй нэгэн. Өөрийн дотоод сэтгэлийг
илэрхийлэх үед тэрээр улам сул дорой болсон мэт өөрийгөө мэдэрдэг. Тэрээр шүлэг
бичих дуртай ч бусдад уншуулдаггүй. Зураг их сайхан зурдаг. Түүний бодол,
ертөнцийг үзэх үзэл тухайн зурганд буух бүрт түүнийгээ улам бүр бусдаас нуудаг.
Уран зургийн дугуйланд явдаг байхдаа ч илэрхийлэл хамгийн муутай зургаа багшдаа
үзүүлдэг байснаас үүдэж зураг зурах авьяасгүй гэж хамт суралцдаг нөхөд нь ч
бодох болсонд гайхах зүйлгүй. Энэ зохиол бол хүний дотоод сэтгэлийн нарийн
төвөгтэй байдлыг гаргаж ирэхийг хичээсэн сэтгэл зүйн зохиол юм.
“...Надад битгий гомдоорой... Дэмий горьдлого
төрүүлэхгүйн тулд тантай ил тод яримаар байна... Битгий л гомдож үзээрэй... Би
өчигдөр таны хажууд очсон... Оройн хоол хамт идье, хамт зугаалья гэсэн.. Танд
дарамт болсон байж магадгүй. Гэхдээ би танд хайргүй. Би түрүүнээс хойш л энэ
тухай бодож байна... Үнэндээ би танд хайргүй.. Тэгээд би яах ёстой юм бэ? Таныг
аятайхан бүр дур булаам ч гэж хэлж болно, өнөөдрийг хүртэл миний танилцаж
байсан эрчүүдэд байдаггүй тэр шинж чанар танд байдаг, ердөө тэр... Тантай
ярилцах, элдвийг хүүрнэх, маргалдах, тэр ч байтугай муудалцах... Тэгээд дахин
эвлэрэх, энэ бүгд надад сайхан санагдана, гарцаагүй. Гэхдээ хайрлахын тухайд?
Үгүй дээ, би хайрлаж дурлаж чадахгүй... Яах гэж ийм юм яриад байгааг минь та
гайхаж байгаа биз... Миний өгч чадахаас илүү зүйлийг хүлээж хүсээд, сүүлд нь
гомдоод үлдэх вий л гэж болгоомжилсондоо хэлж байна... Танд юу өгч чадахаа
одооноос тодорхой хэлье, дараа нь та өөрөөр чинь тоглочихлоо гэж надад битгий
гомдоосой. Хэдий бусдаасаа өөр ч гэсэн та чинь ялгаагүй л эр хүн шүү дээ...
Миний таних эрчүүд үүнийг, өөрөөр хэлбэл тэдэнд дурлаагүй, хэзээ ч дурлахгүйг
минь мэдмэгцээ гомдож, эгдүүцэж, бүр уурлаж байгаад яваад өгдөг. Хамгийн гол нь
энд яагаад надад буруу тохдогийг би ойлгодоггүй. Миний хэзээ ч амлаагүй, зөвхөн
тэдний толгойдоо ургуулж бодсон зүйлийг нь өгөөгүйн төлөө намайг буруутгаж
болно гэж үү? Энэ шударга явдал мөн үү? Тиймээс таныг миний тухай битгий муу юм
бодоосой л гэсэндээ хэлж байгаа юм. Энэ танд л ашигтай юм шүү...
Би бүр ангайж хоцров. Гэхдээ л үүнийгээ илчлэхгүй, тайван хандахыг хичээн:
-Ингэх хэрэг байхгүй дээ. Ямар харилцаа тогтоохыг би биш та л шийднэ шүү дээ.
Таны хүссэнээр л бүх зүйл болох ёстой! гэлээ”... Зохиолын энэ хэсэгт гол баатрын дурлалт бүсгүй
өөрийн сэтгэл зүйн байдал, эр хүний тухай бодлоо илэн далангүйгээр илэрхийлж
байна. Энэ нь тухайн эмэгтэйг ихэд хувиа хичээсэн байдлаар ойлгуулах аж. Учир
нь өөрөө эхэлж түүн дээр очиж танилцсан бөгөөд улмаар хотоор хамт зугаалах
санал тавьж, гэртээ ч хүргүүлсэн. Харин эрэгтэй нь сэтгэлд хайр дурлалын оч
бадамлаж эхлэхэд түүний сэтгэл рүү гэнэт хүйтэн ус цацах мэт... Эмэгтэй өөрт
таалагдсан учир түүнтэй ярилцаж, хамт зугаалсан. Тэр өөрийн хүссэн зүйлсийг
хийж, сэтгэлээ “зугаацуулсан” ч тухайн эр хүнийг өөрт нь дурлах эрхгүй хэмээсэн.
Гэвч энэхүү эмэгтэй өмнө нь бусдад итгэх итгэлээ алдсаныг зохиолын гүнд орох
тусам ойлгосон юм. Бусадтай ярилцах, гадуур хамт алхах сайхан байдаг. Гэхдээ
хайрлаж дурлах асуудал дээр нь энэ нь хил хязгаартай. Эрэгтэй хүн л түрүүлж
яриа өдөж, гадуур зугаалах санал тавих эрхтэй гэж үү. Эмэгтэй хүн ч гэсэн тийм
эрхтэй. Гэхдээ энэ нь тухайн хүнийг ямар хүн бэ гэдгийг таних алхам, хүмүүсийн
дунд байдаг л харилцаа болохоос илүүг хүсэх эрх үнэндээ л байхгүй гэдгийг
ойлгуулсан зохиолын гол хэсгүүдийн нэг гэж хэлж болно.
“...Надад өөрийн гэсэн гоо сайхны ойлголт бий... Тэгээд ч
би байгальд их дуртай... Байгалиас гажууд зүйлд хэзээд болгоомжтой ханддаг...
Тиймээс ч би заавал эр хүнд дурлах ёстой гэж боддог... Гэхдээ жинхэнэ эр
хүнд... Огтхон ч хүчлэлгүйгээр намайг хойноосоо дагуулах эр хүнд... Надаас юу ч
шаардалгүй, намайг хяналтдаа байлгах гэлгүйгээр, басамжлахгүйгээр хайрлах,
хажууд минь байх эр хүнд... Өөрөөр хэлбэл үнэхээр хүчтэй, жинхэнэ өгөөмөр
сэтгэлтэй эр хүнд...” зохиолын энэ хэсэгт гол дүрийн бүсгүйн ирээдүйг хамтдаа
туулах эр хүний тухай төсөөллийн хэсэг оршино.
“...Би өчигдөр орой,
ялангуяа ийшээ ирснийхээ дараа ямар их горьдлого тээж байсан гээч.. Шидэт
дохиур биед минь хүрч жаахан охиных шиг гэнэн хонгор, гэгээн мөрөөдлөөр
бялхана, нэг шөнийн дотор бүх юм өөрчлөгдөнө, маргааш өглөө өөр ертөнцөд төрж
байгаа юм шиг л аз жаргалтай сэрнэ гэж бодсон сон. Гэтэл бодит амьдрал, үнэн
гэдэг чинь ямар өөр, ямар хатуу юм бэ... Тэнгэр нөгөөх л янзаараа бүрхэг
саарал, өрөө минь хүйтэн харанхуй... Хажууд минь, хамтдаа хичнээн цагийг
өнгөрүүлсэн ч харь хол, надтай хичнээн дотно харьцсан ч надаас тусдаа, огт өөр
хүн... Ядарсан булчин, дүйрч өвдсөн толгой минь... гэв. Мариа гэдрэгээ харж
хэвтлээ. Нүүрээ гараараа халхлав. –Хүмүүсийн бие биедээ ойртож дотносох зай
хязгаартай байдаг юм байна. Түүнээс дотогш ойртох гэсэн алхам бүр улам холдуулж
хөндийрүүлдэг. Чамтай ямар ч хил хязгааргүй ойртож дотносох гэж би хичнээн их
хүсэж байсан гээч. Үнэндээ, энэ найдвар тасарч одсон нь л надад хамгаас илүү
гуниг төрүүлж байна... Одоо бид хоёр өөрсдийгөө хуурах гэсний хэрэггүй биз
дээ... Үүнээс хойш хуучных шигээ ил тод ярилцаж ч чадахгүй байх... Энэ бүхнийг
бид юуны төлөө, яах гэж золиосолсон юм болж байна? Юуны ч төлөө биш!
Байхгүйгээ олж авах гэж хөөцөлдөх зуураа бид байгаа юмаа
алдаж орхижээ”... Зарим нэг харилцаанд хил хязгаар байх ёстой. Ямар нэг алхам
хийхээсээ өмнө тухайн зүйлийг хийсний дараа “би сэтгэл хангалуун байж чадах уу”
гэдгээ ухамсарласан байх ёстой ажээ. Энэ хэсэгт мөн л гол дүрийн эмэгтэйн
бусдыг бодоогүй зөвхөн өөрийн хүслээ гүйцэлдүүлэх гэсэн аминч үзэл цухуйжээ.
Гэвч эмэгтэй хүн бусдад хайрлагдаж хайрыг л мэдрэхийн төлөө төрсөн учир өөрт
таалагдсан, өөрт аз жаргал мэдрүүлэх зүйлээ л бусдаас хайх түүнийгээ мэдрэх
эрхтэй. Бусдад таалагдах, бусдын төлөө гэж мохож, өөрийн хүслийг дарж амьдрах
ёсгүй. Таалагдсан бол таалагдсан. Таалагдаагүй бол түүнийгээ шууд илэрхийлж
байх ёстой гэсэн үзэл харагдаж байна. Үүнтэй ч санал нэг байна. Өөрийн бодол,
таалагдсан эс таалагдсанаа илэрхийлээгүй нь үүднээс гонсойж, ганцаараа дотроо
тэр мэдрэмжээ тээж үлдэх хамгийн хэцүү бөгөөд эмгэнэлтэй юм. Тиймээс хүчирхэг
байж мэдрэмжээ үргэлж бусдад илэрхийлж байх хэрэгтэй гэдгийг гол баатрын
эмэгтэйн үзэл бодлоос харж болно.
“...Амьдралын минь хамгийн дүүрэн, хамгийн утга учиртай үе гэж бодсон
мөчүүд гэнэт ард үлджээ. Бүх юм хоосорч орхиод, ямар ч утга учиргүй болчихож. Хамгийн
сайхан мөрөөдөл гэж зүүдэлсэн зүүднээсээ сэрж, гашуун үнэнийг ухаарч буй хүн
шиг л сэтгэл минь шимширнэ. Би түүнд огтхон ч гомдоогүй, уурлаагүй.... Эмэгтэй
хүн бусдад дурлах үедээ дурладаггүй, харин биелэгдээгүй хүсэл мөрөөдөл,
алдагдсан боломж нөхцөлд л харамсаж гансрах үед нь энэ бүхэн өөрт нь хайр
дурлал байсан юм шиг санагддаг”
“...Бидний харилцаанд юу дутуу байсныг би мэдсэн. Энэ чамаас биш, харин
надаас болсон. Надад итгэл дутсан юм байна лээ. Надад ийм их хайртайд чинь би
огт итгээгүй учир өөрийгөө ч чамд хайргүй гэж бодож байж... Одоо л ойлголоо. Би
хүмүүст итгэх итгэлээ алдчихсан байж... Гэхдээ би одоо итгэж чадаж байна... Чи
надад итгэлийг буцааж авчирч өгсөн... Би чамд хайртай... Би чамд ухаанаа алдтал
дурлаагүй, харин эрүүл саруул ухаанаар, гүн ухамсарласан хайраар би чамайг
хайрлаж байна... Би чамайг хүсэж байна. Бүх л бие сэтгэлээрээ би чамайгаа хүсэж
байна... Хурдан эдгэх юм сан!... Би хэзээ эдгэх юм бэ?.. гэлээ”... үүнийг гол дүрийн
эмэгтэй Райфид хандан хэлдэг.
Эцэст нь энэ бол гайхалтай хайрын түүх. Хүн яаж бусдын төлөө амьдарч, хором
мөч бүрт сэтгэлээ шингээж түүнийгээ нандигнадаг талаар. Тэд удаан ярилцдаг. Бие
биенийхээ бодлыг сонсдог. Хамтдаа алхдаг. Хамгийн гол нь бие биенээ “бие хүн”
талаас нь олж харах гэж удаан хугацааг зарцуулсан. Уншигчийн хувьд тэднийг асар
их хүндлэх учиртай. Орчин үеийн залуус шиг тэд юу юугүй бие биедээ сэтгэлээ
илчлээгүй. Тэд нэг нэгнийгээ асар ихээр нандигнадаг, тэр хирээрээ хайрладаг
байсан. Зохиолын төгсгөл хэсэгт л хайраа илчилж хамтдаа аз жаргалтайгаар байдаг
ч энэ мөчүүд удаан үргэлжилдэггүй. Залуу нутаг буцах болж эмэгтэй ч төрсөн нутаг
руугаа явдаг. Тэд жилийн дараа уулзахаар тохиролцож захидлаар харилцдаг хэдий ч
эмэгтэй удалгүй сураггүй алга болж, Райфийн бичсэн захидлууд эзэндээ очоогүй
тул 8 жилийн дараа түүнд буцаж ирдэг. Райф гэр бүлтэй болсон ч огт хайрыг
мэдэрдэггүй бөгөөд бусадтай ч ярилцдаггүй нэгэн хэвээр үлддэг. Тэрээр хайрласан
эмэгтэй нь өөрийг нь орхисон учир бусдад итгэх итгэлээ бүрэн алдсан байдаг.
Гэвч түүний хайртай эмэгтэй салж явснаас нь ердөө хэдхэн сарын дараа жирэмсэн
гэдгээ мэддэг төдийгүй түүнийгээ хэлж амжилгүй хүүхдээ төрүүлээд хорвоогийн
мөнх бусыг үзүүлдэг. Өөрийгөө хорвоогоос халина гэдгээ ч мэдэлгүйгээр гал
халуун хайраа тээсээр оддог. Энэ тухай Райф 10 жилийн дараа олж мэддэг бөгөөд
өөрийгөө асар ихээр буруутгадаг. Мариа түүний үргэлжлэлийг хорвоод төрүүлээд
өөрөө хорвоогоос одсон байдаг.. Энэ бол гайхалтай ч эмгэнэлтэй хайрын түүх юм.
Мариа хүнд итгэх итгэлээ дахин олж, үнэнч хайраа тээсээр хорвоогоос одож байгаа
нь түүнийг хорвоогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй болгосон нь гайхалтай. Гэвч
эсрэгээрээ Райф бусдад итгэх итгэлээ бүрэн алдаж, өөрийгөө хамгийн азгүй нэгэн
гэж бодсоор хорвоог ганцаар туулдаг. Сэтгэл зүйн хоёр туйл гол баатрын сэтгэлд
хуримтлагдсаар тэдэнд тохиолдсон үйл явдлаар дамжуулж хайр ямар гайхалтай, юунд
ч дийлдэшгүй, түүнчлэн хүнийг яаж өөрчилдөг вэ гэдгийг харуулсан “Арьсан хүрэмт
Мадонна”-д сэтгэл минь одоо ч хорогдсоор ...

Comments
Post a Comment