Хоёр зуун наян ес хоногийн аялал
Есдүгээр сарын
нэгний өглөө. Эрдмийн баярын өдөр. Хүн бүр хичээл сургууль руугаа догдлон
яарна. Харин хэсэг оюутан эрдэм сурахаар харь нутаг руу хүлгийн жолоо залахаар
зэхнэ. “Чингис Хаан” нисэх онгоцны буудал дээр очиход өглөөний долоон
цаг болж байв. Нийслэл хотод намрын сэрүү орж өглөөний агаар цаанаа л нэг
жиндүүхэн байлаа. Онгоцны буудалд хөл хөдөлгөөн ихтэй, Өмнөд Солонгосыг
зорих Монголчуудын урсгал ч их ажээ. Монгол Солонгосын хооронд дипломат харилцаа
үүсч хөгжөөд 25 жил болж байна. Гэсэн хэдий ч түүхийн харилцаа өнө эртнээс
улбаатай юм. Эртний Хятад Солонгосын сурвалж бичигт монголчууд “мөнхийн гал”
гэсэн утгаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. “Морин дэл дээрх үндэстэн” гэсэн ч бий
аж. Гэвч Монгол гэдэг ханз үсэг тийм ч сайхан утга агуулдаггүй. “Монгу” гэдэг
үг нь эртний “тэнэг бүдүүлэг” гэсэн утгатай. Мөн “мэнгу” гэж дуудах нь ч бий. Эрт
цагт морин дэл дээрээс дэлхийг эзэлж Курёг ноёрхож явсан монголчууд өнөө үед
“Солонго”-ын оронтой дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хамтын
ажиллагаа бүхий л салбарт хөгжжээ. Ийнхүү бодон суутал удалгүй ОМ-301 онгоц
өглөөний найман цаг 45 минутанд эх нутгаас минь хөөрч ажилч хичээнгүй,
хөдөлмөрч ардын нутаг руу хөлгийн жолоо заллаа.
Сургуулиа зорив
МУИС-ийн 2014-2015 оны хичээлийн
жилийн солилцооны найман оюутан Өмнөд Солонгосын “Инчёон” нисэх онгоцны буудалд
өдрийн нэг цаг орчмын үед газардлаа. “Инчёон” нисэх онгоцны буудал нь 2005
оноос хойш дэлхийн шилдэг онгоцны буудлын жагсаалтыг жил бүр тэргүүлсээр иржээ.
Өнгөрсөн жилийн байдлаар 40 сая гаруй олон улсын зорчигч энэхүү нисэх буудлаар
үйлчлүүлсэн байна. Солонгос нь хойгийн улс. Солонгосын хойг нь хойд
хэсгээрээ Манжуур, Сибиртэй, өмнөд хэсгээрээ Номхон далайтай хил залгадаг.
Монголд намрын урь орсон байсан ч
энд бүгчим чийглэг агаар биднийг угтсан юм. Далайн орон болохоор тэр биз. Тавь
гаруй сая хүн амтай 99,3 ам дөрвөлжин километр газар нутагтай Өмнөд Солонгост
ирэхэд хүн ам ихтэй нь хажуугаар зөрөх олон хүнээс илт ажиглагдана. Арга ч үгүй
биз. Бөөгнөрсөн олон хүнийг наадмын талбай, “Нарантуул” захаас өөр газар харж
байгаагүй надад энэ олон хүн их л замбараагүй харагдав.
Хоёр орны оюутан солилцооны
хөтөлбөрт хамрагдсан биднийг онгоцны буудлаас “Данкүүк” Их Сургуулийн Бизнесийн
удирдлагын дөрөвдүгээр түвшний ангийн оюутан н.Ундрал тосч авсан юм. Ингээд бид
автобусны билетээ бичүүлэхээр онгоцны буудлаас гарцгаав. “Инчёон-Чонь Ань”
чиглэлийн автобусны билет авч унаандаа суулаа. Энэ л чиглэлээр бид сурах
сургуульдаа хүрэх юм. Бүтэн нэг хичээлийн жилийн турш суралцах “Данкүүк” Их
Сургууль 1947 онд Өмнөд Солонгосын анхны хувийн хэвшлийн их сургууль болон
байгуулагджээ. “Жүгжонь” ба “Чонь-Ань” гэсэн хоёр цогцолбор сургуулиас бүрддэг.
Мөн Өмнөд Солонгост хамгийн анхны Монгол судлалын тэнхмийг байгуулснаараа
онцлог юм. Бидний хувьд “Чонь-Ань” цогцолбор сургуульд суралцах юм. Энэхүү
цогцолбор нь байгаль орчинд хор нөлөөгүй, био технологийн эко хотхон гэдгээрээ
онцлог аж.
Хоёр цагийн турш явсаны эцэст
“Чонь-Ань” хотын төвд ирлээ. Гудамжаар жагссан цэрэг шиг эгнэсэн модод, ногоон
байгууламж, өндөр шилэн барилгууд харц булаам ажээ. “Чонь-Ань” хот 590 мянга
гаруй хүн амтай, 636 километр квадрат бүхий газар нутагтай бөгөөд нийслэл Сөүл
хотоос 80 гаруй километр зайтай хот юм. Ногоон байгууламж ихтэй болохоор
амьдрал хоёр дахин өнгөлөг болчихсон мэт сэтгэгдэл төрж байв. Мөн “Хэрэглэгч бол
хаан” гэсэн үзэл Монголд лоозон төдий байдаг бол энд жинхэнэ утгаараа хөгжжээ.
Тухайлбал хот хоорондын автобусны жолооч костюм өмссөн байх бөгөөд зорчигчдыг
угтан оруулж, үдэн гаргана. Автобусны орчин ч тун тухлаг ажээ.
Бид хотын төвөөс хоёр хоёроороо таксинд
сууж сургуулийн хотхон руу хөдлөхөөр зэхэв. Эндхийн дэлгүүр, үсчин, хоолны
газрууд гээд бүхий л үйлчилгээний газрууд гадаад нэр хаягийг Солонгосоор
галиглан бичсэн байсан нь анхаарал татаж байсан юм. Манайд бол Нью-Йорк, Лас
Вегасын гудамжаар явж буй мэт дүүрэн гадаад нэр хаяг байдаг. Энэ нь эх хэлний
дархлаанд сөргөөр нөлөөлж байна гэж үздэг ч нөгөө талаас монголчууд дэлхийн
иргэний жишгээр олон талын мэдлэг мэдээлэлтэй амьдардаг аж. Учир нь наад захын
англи үгс болон дэлхийд алдартай сүлжээ компаниудыг мэддэг. Харин Солонгосчууд
өөрсдийн дуудлагаар галиглан дууддаг учир наад захын англи үгсийг шууд хэлэхэд
ойлгохгүй байх тохиолдол элбэг. “Солонгос англи хэл” гэсэн шинэ нэр томъёо ч
гаргаж ирж болохоор...
Хотын төвөөс 3-4 км зайтай бүх л
бүтэн “тусгаар гүрэн” болсон цогцолбор сургууль биднийг угтлаа. Тус сургууль
хоёр дотуур байртай ажээ. Баруун талын байр нь нэг өрөөнд хоёр оюутан, зүүн
талын байр нь нэг өрөөнд дөрвөн оюутан амьдардаг. Нийт 1400
оюутны хүчин чадалтай. Бид нэг өрөөнд хоёр хүн амьдардаг байрны нэг давхарт
хуваарлигдав. Гадаад оюутнууд ихэвчлэн нэг давхарын өрөөнүүдэд амьдардаг аж.
Мөн “DKU” (Dankook University) гэсэн
эмблем сургуулийн бүхий л зүйл дээр байгаа нь сонирхлыг минь ихээр татав.
Тухайлбал гудамжны ус зайлуулах байгууламжын төмөр дээр DKU гэсэн бичвэртэй.
Цаашлаад лифт, ширээ сандал гээд бүхий л зүйлд сургуулийн эмблемийг тусгаж
өгчээ. Үйлдвэрлэл өндөр хөгжсөн орон болохоор аливаа зүйлийг захиалан
хийлгүүлэхдээ сургуулийн эмблемийг тусгах нь нэг ёсны зарчим болжээ.
Гадаад оюутны амьдрал минь эхэллээ.
Солонгос хэл сурав
Анх ирэхдээ
Солонгос үсэгнээс өөр мэдэх зүйлгүй онгоцноос буусан юм. Солонгос хүмүүсийн
яриаг сонсоход чихний хажуугаар урсаад л байв. Мөн бараа бүтээгдэхүүний тайлбар
нь бүгд солонгосоор учир нүдний өмнө жирсхийнэ. “Би хэзээ ч солонгос хэл сурч
чадахгүй байх” гэсэн гутранга үзэл яагаад ч юм толгойд зурсхийв. Есдүгээр сарын
гуравнаас бид хэлний бэлтгэлийн хичээлд хамрагдаж эхэллээ. Гэвч багш маань англиар
ярьдаггүй бөгөөд хичээлээ солонгосоор орно. Харин бид хэл мэдэхгүй болохоор ойлгохгүй
байсан ч биеийн хэл, үйл хөдлөл ашиглан багш хичээлээ заана. Бид ийн харилцсаар
аравдугаар сар гарч багшийнхаа яриаг нэг л мэдэхэд ойлгодог болчихов.
Солонгос хэлний хангил үсгийг 1446
онд Сэжунь хаан анх зохиосноор солонгосчууд бичиг үсэгтэй болжээ. Хангил үсэг
үүсэхээс өмнө эртний солонгосчууд ханз үсэг хэрэглэдэг байсан юм. Одоо ч үгийн
утга, хэрэглээ нь ханз үсгийн зурлаг бичлэгээс ихээхэн шалтгаалдаг аж.
Анги маань хориод хүүхэдтэй. Ихэнх
нь хятад оюутан. Хятадууд арван жилийн сургуулиа төгсөнгүүтээ Солонгост ирж
хэлний бэлтгэлд суралцаж, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд гурваас
дээш зэрэг авч чадвал Их Сургуульд хялбар аргаар элсэх боломжтой. Тиймээс
хятадын баян эсвэл төдийлөн онц сурдаггүй хүүхдүүд Солонгосыг олноор зорьдог
гэв. Дэлхийн хаана ч явсан хятадууд олноороо. Үүгээрээ ч хэлний бэлтгэлийн
оюутнуудийн тавиас хавь илүү хувийг бүрдүүлж байв.
Бид нэг жилийн хугацаанд хэлний
нэгдүгээр түвшнээс дөрөвдүгээр түвшин хүртэл суралцсан юм. Хичээл бүрийн дараа
шинэ үг цээжлэн тэр үгийг хүмүүс хэрэглэж буйг сонсоод учиргүй баярлан хөөрдөг
байв. Сонирхон татагдсаар солонгос хүмүүстэй харилцаж эхэлсэн нь хамгийн сайхан
нь байсан юм. Цагийн ажил хийдэг газрын маань эгч нэг удаа “Та нарт
атаархаж байна шүү. Богино хугацаанд гадаад хэл сураад бидний яриаг ойлгож, бидэнтэй
харилцаж байна шүү дээ. Би ч гэсэн монгол хэл сурч та нарын яриаг сонсож,
ертөнцийг үзэх үзэл, соёл, амьдралын хэв маягийг мэдэхийг хүсч байна” гэсэн юм.
Гадаад хэл сурах нь өөрийгөө нээх, таньж мэдэх оновчтой алхам юм. Түүнээс гадна
ертөнцийг шинэ өнцгөөс харах боломж бөгөөд соёл хүмүүжлийн чухал ач
холбогдолтой гэсэн бодол төрөв.
Далайг зорив
Сургуульд маань “Global Talent Network” (GTN-Жи Ти Эн) гэсэн солилцооны
гадаад оюутнуудыг хариуцсан оюутны холбоо байдаг. Нэг багт хоёр солонгос гурван
гадаад оюутан байх зохион байгуулалттай бөгөөд биднийг халуун дотноор угтан
авсан юм. Тухайн багаараа сар бүр аялалаар явах бөгөөд тусламж хэрэгтэй үед тухайн
оюутны холбоонд хэзээд хандах боломжтой. Гадаад оюутнуудыг Солонгосын амьдралд
дасахад тэд чиглүүлэх үүрэгтэй. Сургуулийн удирдлагууд ч “Жи Ти Эн”-ий үйл
ажиллагааг маш сайн дэмждэг. Арга хэмжээ бүрт удирдлагуудын төлөөлөл ирдэг
бөгөөд солилцооны оюутныг хариуцсан тусгай мэргэжилтнүүд ч ажиллана. Сургуулийн
зүгээс гадаад оюутныг хариуцсан холбоонд төсөвлөх санхүү ч багагүй. Хангамж
сайтай төдийгүй бусад орны их дээд сургуулиудтай харилцах гадаад харилцаа
сайтай нь үүнээс илт харагдана. Монгол Улсын хамгийн том Их Сургууль болох
МУИС-ийн хувьд “Жи Ти Эн” шиг оюутны холбоо эн тэргүүнд шаардлагатай санагдсан.
Учир нь манай оронд суралцахаар ирсэн гадаад оюутнуудад монголд дасан зохицоход туслан чиглүүлэх хүн байдаггүй. Монгол Улсад суралцаж буй
гадаад оюутнаар дамжуулан улс орны нүүр царай тодорхойлогдох нь дамжиггүй юм.
Бид өнгөрсөн жилийн аравдугаар
сараас эхлэн очиж үзэхийг хүссэн газраа багаараа ярилцан сонгож, сар бүр аялдаг
болсон юм. Энэ удаагийн аяллаараа бид далай руу явахаар боллоо. Тавдугаар
сарын 25-ны өдөр. Бурхан багшийн мэндэлсэн өдөр солонгост бүх нийтийн амралтын
өдөр тохиосон бөгөөд бид энэ өдөр хамтдаа сүүлийн аялалдаа явахаар зэхэцгээв.
Нар мандлаа. Ихэвчлэн бүүдгэр байсан “Солонго”-ын орны тэнгэр торох ч үүлгүй
цэлмэг байв. Бид өглөөний арван цагт уулзан замдаа гарч, “Чонь-Ань” хотын метроны
нэгдсэн буудалд ирлээ. Арваннэгэн цаг 45 минутанд галт тэргэнд суух байсан
боловч биднийг газарчилж явсан солонгос оюутан буруу чиглэлд биднийг дагуулан
очсоноор бид галт тэргэнээсээ хоцорч, дараагийн метрог хүлээхээр болов. Энэхүү буудал нь Өмнөд Солонгосын томоохон метроны буудлуудын нэг бөгөөд эндээс
аль ч метроны чиглэлд сэлгэн суух боломжтойгоороо онцлог юм. Энд байнгын хөл
хөдөлгөөн ихтэй төдийгүй түргэн хоолны цэг, кофе шоп, худалдааны дэлгүүрүүд ч
их. Метро, галт тэрэг, автобусны мэдээллүүд тус тусын чиглэлийн том
дэлгэцэн дээр харагдана. Тухайн унаа хэдэн минутын дараа ирэх, аль буудал дээр
явж байгаа дараагийн хүрэх буудал нь ямар буудал вэ гэх зэрэг цогц мэдээлэл тун
тодорхой дэлгэцэн дээр гардаг. Хүмүүс мөн гар утасны тусгай цэсээр дамжуулан
тухайн мэдээллийг шууд авдаг. Өмнөд Солонгос техник технологийн хөгжлөөр
дэлхийг тэргүүлдгийн бодитой жишээг үүнээс харж болно. Мөн хүмүүс хаа ч явсан
ухаалаг утаснаас үл сална. Арван жилийн сурагчдаас эхлээд өвөө эмээ нар хүртэл
чихэвч зүүж, хөгжим сонсоно. Техник технологийн хөгжил тэднийг хоорондоо
харилцах шаардлагагүй болтол хөгжжээ. Хэрэгтэй мэдээлэл гарвал гар утаснаас тэд төрлийн мэдээлэл авч чаддаг болсон байна. Амьд харилцаа бага багаар мөхсөөр. Техник
технологийн хөгжил сайн тал олонтой ч сөрөг зүйлсийг дагуулж байна. Манай орны өсвөр
насныхан, залуучуудын дунд ч амьд харилцаа үгүйлэгдэж эхэлжээ. Нөгөөтэйгүүр байнга
гар утас, компьютерын ард сууж, түүнээс хараат болох нь эрүүл мэндэд туйлын
сөрөг үр дагаваруудыг дагуулдаг. Тухайлбал, компьютерийн
өмнө зөв суугаагүйгээс биеийн бүхий л хэсэгт нөлөөлж, эрүүл мэндийн ноцтой асуудал үүсдэг. Жишээ нь буруу сууснаас болж,
нуруу, хүзүү, толгой өвдөх, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах, улмаар
цусны даралтад нөлөөлж зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг байна.
Эдгээр биеийн зовиураас гадна сэтгэл зүйн стрессд өртөх нь их байдаг.
Бид өдрийн 12 цаг 44 минутанд 1153-р
галт тэргэнд сууж “Те Чонь” буудлыг зорьсон юм. Замаас аялалд явах багийн хоёр
солонгос охин сууснаар бид есүүлээ болж аялалын багийн гишүүд маань бүрдэж, хоёр
цагийн дараа зорьсон газраа хүрлээ. Галт тэрэгнээс буунгуут биднийг
чийглэг, жиндүү агаар угтсан юм. Хамгийн түрүүн далайн үнэр сэнхийх нь содон байв.
Бид далайн зүг алхцгаав. Далай рүү явах замд хоолны газрууд бололтой гэмээр энгийн
жижиг байшингууд тааралдана. Далай харагдаж эхлэв. Бид ч баярлан хөөрч, далайн
зүг уралдан гүйцгээв. Далайн эргийн элс ширхэг томтой, зөөлөн төдийгүй алтан
шаргал өнгөтэй ажээ. Бидний өмнө “Те Чонь” далай цэнхэртэн долгиолно. Тэр түмэн
долгио хүмүүстэй уулзах гэж тэмүүлэх мэт эрэг рүү яаран хойн хойноосоо
хөөцөлдсөөр урд ирж эвхрэн унана...
Далайн эргээр хүмүүс гэр бүл, найз
нөхөд, хайртай хүмүүстэйгээ тухлан амарч байв. Хүн бүрийн анхаарлыг хоёр
шүхэрчин татна. Тэд хоромхон зуурт газраас хөндийрөн цэнхэрлэн долгиолох далайн
дээгүүр эрх дураар ниснэ. Хамт явсан оюутнуудтайгаа зургаа авахуулан, элсэн
дээр бид нэрсээ бичицгээв... Нэг их удалгүй салхи намдаж давалгаа татрахад
бид далайн хоол идэхээр хоолны газрыг зүг явцгаав. Эндхийн хоолны газрууд нэг
давхар энгийн гоц гойд зүйлгүй ч гаднаа үйлчлүүлэгчдийн суух хэсгийг тусгайлан
гаргаж өгсөн нь тухлаг харагдана. Хоолны газрын эзэгтэй нар “Манайд орж хоол
иднэ үү! Далайн
шинэ бүтээгдэхүүнээр хийсэн, амттай шүү!” хэмээн зөрөх
төдийд хоолны газар руугаа “урвуулах” гэж мэрийнэ. Явсаар бид нэгэн хоолны
газар орж далайн хоол идэцгээв. Дун хясааг янз бүрээр нь ширээн дээр авчран
овоолно. Ил зуухаа асаан дээр нь дун хясаагаа задалж шарна. Шарагдаж буй
хясаанаас шүүс ялгарах нь сонихон аж. Далайн хоол нь олон төрлийн амин дэм
агуулдаг төдийгүй хүний биед чухал ач холбогдолтой юм.
...Үдийн нар аль хэдийн хэлбийжээ.
Гурван монгол оюутан сониуч зандаа хөтлөгдөн далай руу дахин явцгаалаа. Тэнгэр
бүүдийж, нар үүлний цаагуур далдран алсрана. Далайн төвшин нэмэгдэж хүмүүсийн
хөл хөдөлгөөн ч багасчээ. Тэнгэр бүрхэг байв. Төд удалгүй үүлний завсраар нар
мишээх аятай туяарав. Бид гурав ч баярлан хөөрч зургаа даруулан байгалийн
зураглалыг баримтжуулна. Бидний хойноос хамт явсан багийн ахлагч маань ирж
буцах цаг болсныг мэдэгдэв. Нар бүрсийн бүүдийж хорвоо дэлхийг улаан шаргал
өнгөөр туяаруулсаар далайн дотор уусчихав уу гэлтэй хоромхон төдийд жаргалаа.
Цагийн ажил хийх боломж
БНСУ-ыг
зорьж ажил хийх хүсэлтэй монголчуудын тоо сүүлийн үед эрс олширсон. Учир нь
хөдөлмөрийн хөлс өндөр байдаг. МУИС-д элсээд
хоёрдугаар курс төгсөх жилээ оюутан солилцоогоор явах тэтгэлэгт хөтөлбөрт
материалаа өгснөөр энэ орныг зорих боломжтой болсон юм. Тэтгэлэгт хөтөлбөрт нэг
жилийн сургалтын төлбөр, дотуур байр, сар бүр олгох 50 мянган воны тэтгэлэг
багтсан бөгөөд амьжиргааны зардлаа өөрсдөө хариуцах байсан юм. Солонгост
амьжиргааны зардал өндөр учраас бид цагийн ажил хийх хэрэгтэй болсон юм. Ням
гараг бүр бид Христийн сүмийн цугларалтанд явдаг болов. Тэнд бизнес эрхлэгчид
очдог учраас цагийн ажилд зуучлагдах боломжтой гэж дээд курсын монгол оюутан санал
болгосон юм. Хэлснээр нь ч бид цагийн ажилд зуучлагдаж, хуучин хувцасны
үйлдвэрт ажиллахаар болов. Бямба, ням гараг буюу амралтын өдрөөр очиж ажиллана.
Хүмүүс өмсөхөө больсон хувцсаа багцаар нь тус компанид зардаг бөгөөд хими
цэвэрлэгээнд орсны дараа хайрцаг хайрцгаараа бидэнд ирдэг байлаа. Төмөр тороор
багцалж ороосон хайрцагийг нэг нэгээр нь өнхрүүлж авчраад том бахиар төмөр
саралжуудыг нь задална. Задалсан хайрцган дахь хувцсаа өмдийг өмдний модон сав
руу, цамцыг цамц руу малгайг малгай руу гэх мэтчилэн ангилна. Цамц ч бас дотроо
олон төрөл. Ноосон, даавуун гэх мэт. Харин жийнсэн өмд гарч ирэнгүүт хувцас
устгалын машинд хийж устгадаг нь их сонин санагдсан. Жижигхэн ч хамаагүй
цоорсон эсвэл бага зэргийн элэгдсэн хувцас байвал мөн л шууд устгалын машинд
хийж, буталж ураад хаядаг байлаа. Харин ангилж ялгасан хувцас модон хайрцаг тус
бүртээ тодорхой жинд хүрэнгүүт бид дараагийн шат дамжлага руу явуулдаг байсан
юм. Дараагийн шат дамжлага нь тэдгээр шилэгдсэн хувцасыг төмөр тороосоор багцална.
Багцалсан хувцас дахиад л хими цэвэрлэгээд орж, шошго наагдаад худалдаалагддаг
байсан байх. Ажлын орчин их хэцүү санагдаж билээ. Байнгын тоос шороо бужигнана.
Бид агаар шүүгчтэй амны хаалт зүүдэг байсан ч тоосонцор ихтэй агаараар
амьсгалдаг байлаа. Бээлий өмсөөд л ажилдаа ханцуй шамлан орно. Хоёр цаг тутам
завсарладаг байсан бөгөөд завсарлагааны үеэр ядарснаа ихээр мэдэрдэг байж
билээ. Энэ үеэр 200 вонноор кофены
машинаас кофе авч ууж сэргэчихээд буцаад л ажиллана. Хуучин хувцасны үйлдвэрт 5 долоо хоног
очиж ажилласан. Ажиллах нөхцөл хүнд байсан ч ажлын хөлсөө аваад жигтэйхэн их
баярладаг байж билээ. Энэ хооронд ч бид сүмийн цугларалтандаа явсаар. Бидний
дунд христийн шашин шүтдэг хүн байгаагүй ч Олон Улсын сүм болохоор орон орныхон
цуглардаг. Монголчуудын цугларалт гэж тусдаа танхимтай учир бид долоо хоног
бүрийн нэг өдөр тэдэнтэй уулзаж цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг байсан юм.
Монголчуудаас гадна Непаль, Вьетнам, Мяньмар гэх мэтчилэн олон орны
танхимуудтай.
Хуучин хувцасны үйлдвэртээ очоогүй
ганц хоёр долоо хоног өнгөрч, цагийн ажлын мөрөөсөл боллоо. Нэгэн амралтын
өдрийн өглөө өрөөндөө унтаж байтал найз маань орж ирээд шоколадны үйлдвэрт
ажиллах уу гэж асууж байна гэсээр намайг сэрээсэн юм. Би ч дуртайяа зөвшөөрч
солилцооны 6 оюутанг үйлдвэрийн ажилтан ирж авсан юм. Анх очиход хоёр давхар
цагаан байшин биднийг угтаж, захирлын өрөөнд оруулж юу хийхийг маань тайлбарлалаа.
Үйлдвэрийн ажилтны хувцас болох цагаан өмд цамц, үсний 2 давхар хамгаалалт,
амны хаалт, бээлий бас шаахай өгсөн юм. Дараа нь доод давхарт байх үйлдвэр рүү
орууллаа. Нэлэнхүйдээ цагаан, шар өнгө ноёлжээ. Арга ч үгүй биз. Ажилчид нь
бүгд цагаан хувцастай. Зөвхөн нүд нь л ил харагдана. Харин чихэр, шоколадаа
савлах хайрцагууд нь бүгд тод шар өнгөтэй. Гэхдээ цэвэр цэмцгэр байдлыг
эрхэмлэсэн эдгээр өнгөнүүд надад их л эрч хүч нэмж байсан юм. Бид үйлдвэрлэлээс
бэлэн болж гарсан шоколадны ишэнд шошго тогтоох ажил хийхээр болсон юм. Тус
үйлдвэрийн нэрийг “Decoria” гэдэг бөгөөд хэлэхэд "The Korea" гэсэн
дуудлага ч давхар агуулдаг. Үйлдвэрийн эгч нар инээмсэглээд л бидэнтэй их
сайхан харилцана. Ажлаа яаж хийхийг нэг бүрчлэн тайлбарлаж, бид суралцсаар
нэг мэдэхэд ажлын анхны өдөр дуусах болсон байв. Үйлдвэрийн захирал
биднийг метроны буудалд хүргэж өглөө. Арванхоёрдугаар сарын эхэн үе байсан ч өмнө нь метронд суухгүйгээр дандаа автобусаар зорчдог байсан болохоор метроны буудал төсөөлж байснаас эл хул байв. Хүн тус
бүрт метроны карт өгөөд, орохдоо уншуулаад нэгдүгээр замын метронд суугаарай.
“Чонь-Ань” гэсэн буудал дээр буугаад метроны картаа төхөөрөмжөнд хийвэл 500
вонн буцааж өгнө гэсэн юм. Метроноосоо буугаад сургуулийнхаа хотхон руу
хүрэх шугамын автобусанд суулаа. Энэ өдрийн мэдрэмж ер бусын санагдаж билээ.
Мөрөөдлийн жагсаалтаа унших үед “шоколадны үйлдвэрт ажиллаж үзэх” гэж бичсэнээ
үйлдвэрт ажлаад 6 сарын дараа олж хараад гайхширч билээ. Мөрөөдлийн жагсаалт
гаргаж, тэмдэглэлдээ биччихээд жилийн дараа олж харсан минь энэ байсан юм. Энэ
өдрөөс хойш бид албан ёсоор үйлдвэртээ харьяалагдаж ажиллах болсон бөгөөд
нэгдүгээр сараас эрүүл мэндийн бүх төрлийн шинжилгээ өгч, харьяатын албанаас
албан ёсоор “Decoria” үйлдвэрт ажиллах эрх өгсөн юм. Хүнсний үйлдвэрт ажиллах
гэж байгаа бол эрүүл мэндийн бүх төрлийн шинжилгээ өгдөг аж. Энэхүү шинжилгээнд
хамрагдсаны дараахан ажиллах эрхээ аваад удаагүй байтал үйлдвэрийн дарга орж
ирээд бидний нэгийг эмнэлэг явах шаардлагатай байна хэмээгээд дагуулж явсан юм.
Орой нь байрандаа очоод сонсохнээ тэр охин шинжилгээний үеэр сүрьеэтэй гэж
оношлогджээ. Сүрьеэ нь нянгаар үүсгэгддэг. Янз бүрийн эрхтэн ялангуяа уушгинд
үрэвслийн голомт үүсгэдэг амьсгалын замаар халдварладаг өвчин юм. 1882 оны 3-р
сарын 24-нд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгчийг анх нээж
байсан. Кохын савханцар буюу сүрьегийн нян нь гадаад орчинд маш тэсвэртэй /тоосонд
10 хоног, хөрсөнд 6 сар, усанд 150 хоног г.м/ удаан хугацаанд
хуваагдан үрждэг. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтэй хүнийг ярих, ханиах,
найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьегийн нян тархаж байдаг байна. Нянгийн
биед үржих тохиромжтой хэсэг нь уушиг юм. Уушигнаас нян цусаар дамжин бусад
эрхтэн системд очдог. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй ойр байгаа хүмүүс
халдвар авах боломж их байдаг аж. Тиймээс энэ мэдээг сонсоод хэлний
бэлтгэлийнхэн ч бүх оюутнуудаас цусны шинжилгээ авсан юм. Ингээд бидний нэг
нутаг буцахаар боллоо. Өвчнийг эрт үед нь илрүүлсэн учраас нутагтаа ирж
цагаан идээ, ямааны мах сайн хэрэглэснээр түүний сүрьеэ бүрэн арилсан аж.
Үйлдвэрийнхэн ч эрт үед нь илрүүлсэн нь сайн хэрэг гэцгээж байлаа. Солонгос
далайн чийглэг орон учраас хүмүүс даарсан тохиолдолд өөрийн мэдэлгүй сүрьеэ
тусах магадлал өндөр байдаг аж.
Монгол руу 6 сард буцах хүртлээ бид
үйлдвэртээ ажилласан. Лхагва, Баасан гарагт хичээлээ тараад, Бямба гарагт
өглөөнөөс орой хүртэл гэх мэтчилэн ихэвчлэн 7 хоногийн гурван өдөр ажилладаг
байсан юм. Цагийн хөлс 6250 вонн буюу 14 мянган төгрөг байсан юм. Очих цагаа
бид үйлдвэртээ мэдэгдэж, тухайн цагт метроны буудлын гадна үйлдвэрийн машин
биднийг угтдаг байлаа. Тарах цагт мөн адил метроны цагийг тааруулж байгаад
биднийг хүргэж өгнө. Тэд их элгэсэг дотно, сайн хүмүүс байсан. Ажлын хоолны
газрын кимчи, кимбаб одоо ч хаана ч амтлаагүй хамгийн сайхан нь санагддаг. Өдөр
бүр Шин-Чон гэх 1-р шугамын метроны хамгийн сүүлийн буудал руу тэмүүлж, ажилдаа
очих өдөр хамгийн ихээр баярлаж хөөрдөг байж билээ. Бусад охидууд яадаг байсныг
мэдэхгүй ч ажлын өдөр надад хамгийн их эрч хүч мэдрэгддэг байсан. “Их сайн
ажиллаж байна” гэж биднийг магтана. Шоколадны үйлдвэрийн захирал бидний явдаг
христийн сүмийн Непаль хариуцсан захирал байсан юм. Бид үйлдвэртээ ажиллахын
хажуугаар ням гараг бүр сүмдээ тогтмол явна. Үйлдвэрийн захирал, үйлдвэрийн ажилтан эгч
нартай сүмд таарах бүртээ мөн л учиргүй ихээр баярладаг байсан. Одоо бодоход
амьдралын минь анхны хамт олон байсан болохоор харах бүртээ талархдаг байсан
байх. Биднийг удирдаж, зааж чиглүүлдэг нэгэн эмэгтэй ажилтан байсан юм. Байнга зааж
зөвлөнө. Бид ч юм бүхнийг түүнээс асууна. Түүнийг бид “Бор эгч” гэж нэрлэнэ. Харин
биднийг ахалдаг дарга “Буйл эгч” нэртэй. Инээмсэглэхээр буйл нь хамгийн түрүүн
нүдэнд тусдаг байсан учраас охид түүнийг ийн нэрлэдэг болсон байх. Завсарлагааны цагаар
биднийг зогсож байгааг хараад “Дасгал хийгээрэй” хэмээж, байнга дасгал хийлгэдэг
эмээ ч бас байж билээ. Түүнчлэн жижиг эгч, үйлдвэрийн дарга өвөө гэхчилэн
сэтгэлд тэд одоо ч тод. 6-р сарын 16-нд нутаг буцахаар болж сүүлийн удаа
ажилдаа очиход сэтгэл хоосрох шиг болж билээ. Үйлдвэрийнхэн метроны цаг
боллоо хэмээн гуниглаж байгаа ч гаднаа үл мэдэгдэхийг хичээж, “ажлаа үлдээчих
бид дуусгачихъя” гэсээр гаргаж
өгсөн юм. “Буйл эгч” биднийг метроны буудал руу хүргэж өгөхдөө “Та нар залуу
байна. Гэрэл гэгээтэй сайхан ирээдүй хүлээж байгаа шүү. Харин биднийг битгий
мартаарай. Энэ үйлдвэрт ажиллаж байж билээ гээд дурсаж яваарай” гэж хэлсэн юм.
Тэд өнөөдөр ч үйлдвэрийн ажлаа хийсээр хурдалж яваа. Та нарыгаа үргэлж өөрийн
анхны хамт олон, ажлын дөр олгосон газар минь хэмээн бодолдоо нандигнаж явдаг.
289 хоногийн аялал
Арван жилийн
сурагч байх үеэсээ хөдөө орон нутгаар явж, олон
үйл ажиллагаанд оролцож, аялж байсан ч энэ удаагийн аялал гэрээсээ хамгийн хол,
удаан хугацааных байсан юм. 2014 оны 9-р сарын 1-нд ирж, 2015 оны 6-р сарын
16-нд буцсан 289 хоногийн аялал өөрийгөө хувь хүн талаас нь нээх хоног өдрүүд
байсан. Өдөр бүр суралцсан. Олны дунд биеэ яаж авч явах ёстой, ганцаараа бие
дааж амьдрахын тулд юунд анхаарах ёстой, оюутан хүн ямар байх ёстой гэх
мэтчилэн хүмүүжил төлөвшлийн тал дээр практикт тулгуурлаж өөрийгөө бага багаар
зассаар. Цаашлаад эрдэм мэдлэг ямар чухал вэ гэдгийг ойлгосноос гадна мөнгөний
үнэ цэнийг ч ойлгосон. Зул сарын баярын өдөр хоолны газар “амьтан” болтлоо ажиллаж,
нойлын өрөө ч угааж байсан. “Өнөөдөр чинь зул сарын баяр” гэж бодсон ч шүд
зууж, хийх ёстой ажлаа дуусгасансан...
Өдөр бүрийн аялал шинэ содон
зүйлсээр дүүрэн байж, амьдрал баялаг гэдгийг өдөр бүр сануулдаг байсан. Хэцүү
зүйл тохиолдоход хэзээд намайг гэх гэр бүл, найз нөхөд байгаа гэж бодож хүч
ордог. Бүжгийн
дугуйланд явж, таеквондогоор хичээллэж, солонгос хэлний ярианы тэмцээнд
оролцсон. Ярианы тэмцээний талаар сонсож л байсан болохоос өөрөө орно гэсэн
бодол огтхон ч төрдөггүй байсан юм. Багш дуудаж, тэмцээнд орохыг
санал болгоход “би юу” гэж гайхширсан ч зөвшөөрсөн. Хүн чадна гэж тэмүүлэхэд
чадахгүй зүйл байдаггүй гэдгийг ч ойлгосон.
Өглөө
нь хэлний бэлтгэлд, өдөр нь их сургуулийн хичээлд сууж явсаар анх ирж байснаа
бодоход хэлний хувьд ч мэдэгдэхүйц дээшилж, түүндээ урамшин баярлаж гудамжаар
хөөрөх шахуу алхдаг байсан. “Эргээд анх очсон 9-р сарын нэгэн рүү буцах уу?”
гэж хэн нэгэн асуувал “Буцвал өөртөө илүү итгэлтэй байгаарай гэж зөвлөх байсан.
Бас илүү их аял гэж хэлэх байсан ч би буцахыг хүсэхгүй байна. Учир нь тухайн
үед байсан “би”-гээс өнөөдрийн би олон зүйлийг суралцсан. Юу юугаа ч мэдэхгүй
байсан тэр үе эргээд бодоход хамгийн нандин бөгөөд гэгээхэн” гэж
хариулна.
Өөрийгөө
олохоор аавдаа үнэрлүүлээд, ээждээ үнсүүлээд явсан тэр мөч, очоод танилцсан хүн
бүр, явсан газар бүртээ талархдаг. Нутаг буцах цаг болоход ирээдүйд юу хүлээж байгаа
бол гэж эмээж байсан ч тэмүүлэл үргэлж хүнийг гэрэл гэгээтэй зам руу хөтөлдөг. Амьдралын
минь хамгийн урт аяллын нэг дуусаж, цаашдын олон аялал намайг хүлээж байлаа.
2015.09.17
О.Болор-Эрдэнэ





Comments
Post a Comment