Бусдын ертөнцийг тодотгогч
БУСДЫН ЕРТӨНЦИЙГ ТОДОТГОГЧ
(Хөрөг
найруулал)
“Хүслээрээ амьдарч чадаагүй хүнд хожим амьдрал ахархан санагддаг” гэдэг. Тодруулбал одоо туулж өнгөрүүлж байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж хүслээрээ амьдарч чадаж байна уу? Энэхүү асуултанд итгэлтэйгээр хариулах нэгэн эрхэмтэй намрын наран дор учран золгосон юм. Намрын урь орсон жиндүүхэн өдөр цахим хуудаснаас харсан мэдээллийнхээ дагуу уран зургийн танхим руу хөл хурдлан, сэтгэл яаран тэмүүллээ. Учир нь гэрэл зургийн үзэсгэлэнгийн нэр сонирхолыг минь гойд татсан юм. “Нүүдэлчин Монгол” гэсэн нэр сэтгэлд дотно сонсогдож сүүлийн үед манай нийгэмд мартагдаж буй сэдвийг хөндсөнөөрөө намайг “дуудсан” гэлтэй. Үзэсгэлэнд гэрэл зургуудыг сонирхох зуур танхимд төгөлдөр хуурын аяз эгшиглэнэ. Зураг бүрийн доор бичсэн бяцхан тайлбар зургийн утга, мөн чанарыг улам лавшруулна. Хар цагаан өнгөөр гаргасан болоод ч тэр үү мөн чанарыг нь олж харахад дөхөм байсан юм. Монгол ахуй, хөдөө нутгаа санасан сэтгэл намайг эзэмдлээ. Ээж минь өөдөөс харан инээмсэглэж, аав минь морио аргамжчихаад алхаж байгаа мэт дотно. Гэрэл зурагчин нь ямар хүн байгаа бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Зураг бүрт татагдан тайлбар бүрийг алгасалгүй уншиж явах зуур “Намайг Ган-Өлзий гэдэг” гэх дуу хажууханд сонсогдов. Сониучирхан хартал гэрэл зурагчин нь мөн байлаа. Үзэгч бүртэй гар барин инээмсэглэн мэндлэх өндөр нуруутай, өргөн шар царайтай, итгэл дүүрэн харцтай хүн намайг угтлаа. Богино ханцуйтай хүрэн цамцтай, жийнсэн өмд өмсөж, цамцаа бэлхүүсээрээ уяж толгойндоо шил “тохсон” байсан юм. Уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж буй хүн өөрөөр яаж хувцаслахыг мэдэхгүй ч надад их л энгийн, тэр хирээрээ чөлөөтэй санагдсан юм. Танилцаад удаагүй хэдий ч бусдын ертөнцийг тодотгогч, дотоод сэтгэлийг нээн илрүүлэгч Ган-Өлзий гэх энэ эрхэмийн ертөнцийг би тодотгохыг хүслээ.
Тэр бол аялагч. Учир нь тэрээр аялах дуртай. Гэрэл зураг авах
бүр дуртай. Тиймээс сонирхолоо ажил болгож чадсан нэгэн юм. Гэхдээ тэрээр
гадаад орноор бус эх орноороо аялахыг илүүд үздэг. Учир нь монголын онгон
байгал, байгалийн өвөрмөц тогтоц, нүүдэлчин аж амьдралыг хальснаа буулган
бусдад таниулахыг зорьдог. Тиймдээ ч монголын 21 аймгаар явж, 360 гаруй сумын
хориор нь л очиж үзээгүй гэдэг. Түүнийг монгол соёлыг тээгч, хадгалан түгээн дэлгэрүүлэгч
хэмээн тодотгомоор. Хэний ч тэмүүлээгүй зүг рүү тэрээр ганцаар “шунан”
тэмүүлдэг. Ганцаар гэсний учир нь гэрэл зураг авахдаа үргэлж ганцаараа явдаг. “Энэ
бол миний л ертөнц. Би өөрийнхөө ертөнцөөр аливаа юмыг харж, өөрийнхөөрөө
мэдэрч дурандаа буулгадаг. Уран бүтээлийн үзэсгэлэнгээ ч өөрийнхөөрөө гаргасан.” хэмээн үзэсгэлэнгийн үеэр ярилцахдаа хэлсэн юм. Тэрээр хүн
бүрт таалагдахыг эрмэлздэггүй. Учир нь тэр элдвийн гоёл чимэглэлгүй өөрөөрөө
оршигч ертөнц. Өөрийн байгаа үнэн төрхөөр бусдад хүлээн зөвшөөрөгдөх нь түүний нэг
зарчим гэлтэй.
Дорноговь
аймгийн Сулинхээрийн Таянгийн заставт Гончигийн хүү Ган-Өлзий 1971 онд төржээ.
Гончиг гуай хилийн цэргийн хурандаа юм. Ган-Өлзий бага байхдаа зуны амралт
болов уу, үгүй юу аавыгаа дагаад хилээр явчихдаг байж. Ер нь багадаа эх орныхоо
хилийг тойрчихсон хүн. Аавыгаа даган хаа сайгүй аялан явах үед түүнтэй Зойрка
аппарат хамт байсан гэдэг. Тэрхүү аппаратыг Гончиг гуай ОХУ-д Их сургуулиа төгсөөд ирэхдээ авч ирж байжээ.
Арван жилийн
сурагч байхдаа тэрээр Зойрка аппаратаа сугавчилсаар гэрэл зургийн дугуйланд явж
эхэлжээ. Өмнөговь аймагт амьдардаг байх үедээ анхны зургаа аппаратынхаа
хальсанд төдийгүй сэтгэлдээ буулгасан гэдэг. “Цөөрмийн намагт шигдэх шахан байж
говийн цөөрөмд ховор харагдах гурван усны шувууны зураг дарж байсан юм. Харамсалтай
нь хальс нь ч тэр угааж авсан нь ч тэр одоо байдаггүй. Гэхдээ ор мөргүй
болчихоогүй, толгойд минь байж л байдаг. Мандалд хөвж буй гурван шувуу, цаанаас
тусах жаргаж буй нарны туяанд цөөрмийн усны долгио шаталж харагдаад л. Зургийг
нь авах гэсэн жаахан холдоод өндөр далангаас нь уначих гээд цөөрмийг тойрч
гүйж байж нөгөө талд нь гарч хальсаар авсан болохоор ганц, хоёрхон кадр дарж
байсан даа” хэмээн хүүрнэнэ. Хүүхэд байхдаа л тэрээр бүтээлч аливааг
эрэлхийлэгч нэгэн байсан нь эндээс илэрхий харагдана. Намагт шигдэн байж
оновчтой харагдах өнцгийг эрэлхийлэн өндөр цохионоос ч үл айн анхны зургаа
хальсанд буулгасан нь түүнийг зорьсондоо хүрэхийн тулд ямар их зориг гаргадгийг
илтгэж буй мэт.
Гэрэл
зургийн дугуйланд яваад удаагүй байхдаа тэрээр аппаратаа алга болгочихжээ.
Тэрхүү аппараттай хамт зураг авах хүсэл мөрөөдөл нь алга болчихсон гэдэг.
Тиймдээ ч тэрээр хуульч мэргэжил сонгожээ. 2005 онд Монголын Урлагийн зөвлөлд төсөл зохицуулагчаар
ажилд орж, хамгийн анхны зохион байгуулахаар “Хүүхэд ба дуран” гэсэн төсөл хүлээж
авч байжээ. Төслийн хэрэгжилтийн дараа 2007 онд БНСУ-д зургаан сарын урлагийн
менежментээр очиж суралцах үедээ эхний тэтгэлгийн мөнгөөрөө аппарат авах
боломжтой болсон аж. Улмаар гэрэл зургийн төслийг хамт хэрэгжүүлж байсан англи
найзаасаа ямар аппарат авбал зүгээр вэ гэж асуужээ. Карли “Хэрвээ чи гэрэл
зураг өөртөө авч үлддэг, сонирхдог байъя гэвэл компакт жижиг камер аваарай.
Хэрвээ гэрэл зурагт сэтгэл зүрхнээсээ дурлаад цаашдаа гүнзгийрүүлэн сурья,
магадгүй ирээдүйд гэрэл зурагчин больё гэвэл "Экелер" төрлийн камер аваарай
хэмээн зөвлөсөн юм. Миний хувьд хоёр юмны зааг дээр их удаан бодсон. Тэгээд
дэлгүүрт очихийн өмнө сонирхогчийн аппарат авъя гэсэн бодолтой очоод яг тэр
камерыг авъя гээд мөнгөө өгөх мөчидөө мэргэжлийн аппаратыг нь авъя гээд
эсрэгээрээ хэлчихсэн. Тэр мөчөөс хойш сонирхолоо илүү хөгжүүлж эхэлсэн дээ.
Эргэлзэж байсан ч миний шийдвэр хүүхэд насны болон ирээдүйн зангилаа болж өгсөн
зөв шийдвэр байсан хэмээн одоо боддог юм. Хууль, улс төрөөр явах боломжийг алдсан гэж харамсдаггүй.
Хамгийн гол нь би дуртай зүйлээ хийгээд сэтгэл хангалуун амьдарч байна.
Дуртай зүйлээ хийгээд насаараа амьдарч чадах уу? Миний сэтгэл зүрхнээсээ дуртай
зүйл энэ мөн үү? гэдгийг гол нь ухаж ойлгох хэрэгтэй. Хүмүүс надад хэлдэг л
дээ. Дуртай зүйлээ хийгээд үүнийгээ ажил болгоод явж байдаг. Үнэхээр атаархмаар
юм гэлцдэг. Энэ нь аялагч, гэрэл зурагчин миний хувьд сайхан магтаал хэдий ч
тухайн хүн ч гэсэн дуртай зүйлээ хийгээд явахыг хэн ч хориглоогүй шүү дээ. Тиймээс
дуртай зүйл, хийх ёстой ажлаа аль алиныг нь хослуулж болно" хэмээн
тэрээр итгэл бардам ярьдаг. Хүн ганц л амьдрахаас хойш олонхийг дагаж урсгалаар
өдөр хоногийг өнгөрөөх бус гол нь сэтгэл зүрхээ чагнахын ач холбогдол,
хүссэнээрээ амьдралаа босгогчийн тод томруун жишээ бол яах аргагүй гэрэл
зурагчин Ган-Өлзий юм. Тэрээр хэн нэгний заавар зөвөлгөөг даган дуурайгаагүй
харин түүнийг хөтлөгч гол хүч нь түүний сонирхол, хүсэл мөрөөдөл нь байсан юм.
Хүн ганцаараа байж өөртэйгөө ярих цагийг гаргаж байх
ёстой гэж тэрээр үздэг. Учир нь “Өөрийгөө чи өнгийж хараад таньж чадвал орчлон
ертөнц чиний өмнө бөхийнө” хэмээн нэгэн суут хүн хэлсэн байдаг. Орчлонг таних
тийм ч хэцүү зүйл биш юм. Гол нь өөрийн дотоод ертөнцийг л таних нь чухал юм. “Ганцаараа аялахдаа уйддагүй юм уу? гэж
хүмүүс их асуудаг. Ганцаараа байхдаа уйддаг хүн өөрөө л уйтгартай байна гэсэн
үг шүү дээ. Ганцаараа байх дургүй хүн бол өөрөөсөө зугтаагч юм. Мөн зорьсон
зүйлээ хийх гэж байгаа үедээ би зоригтой болчихдог. Өглөө, үүр цайгаагүй байхад
уулын бэлд машинаа түгжиж орхичихоод ой дундуур уул өөд алхана. “Би барах уу
даа” гэж бодсон ч зүтгэсээр байгаад гараад ирдэг. Бууж ирээд хөлийн уланд
цэврүү үүссэнийг харж суухдаа л өөрийн тэнэгийг гайхдаг даа" хэмээнэ. Тэрээр хэд
хэдэн уулын оргилд авирчээ. 4057 метрийн өндөрт байдаг Алтай таван богдын
Малчин оргилд, Баянхонгорын Их богдын нуруу, Хэнтийн Асралт хайрхан руу гурван
ч удаа гарсан. Нэг зурагны ард асар их хөлс хүч, сэтгэл шингэсэн байдгийг
түүний хөдөлмөрөөс харж болно.
Ган-Өлзий бол хээгүй нэгэн монгол эр. Оюутан ахуй
үед нь найз нөхдөөрөө нийлээд үзвэр үзчихээд ангийнхаа охидыг гэрт нь хүргэж өгдөг
байж л дээ. Нэг өдөр тэрээр ирээдүйн эхнэрээ гэрт нь хүргэчихээд буцахдаа “Би
маргааш Дэнжийн мянгын зах явна. Чи хамт явах уу?” гэж асуутал эхнэр нь “Үгүй
үгүй, явахгүй” л гэж. Тэгэхээр нь “заза” гээд л орцноос нь гараад явж байтал
таван давхарын орцны цонхоор “Ганаа, маргааш хамт зах явъя” гэжээ. Маргааш өглөө нь тэрээр эрт босч зах
явж ажлаа амжуулчихаад 11 цагаас уулзаж, зах явахгүйгээр өдөржин хамт
зугаалжээ. Эхнэр нь түүнийг хээгүй залуу гэж шоолдог аж. Учир нь эмэгтэй хүнийг
өдөржин дагуулж явахдаа өөрөөр нь бохь, самар авхуулаад нэг ч унаанд суулгаагүй,
дагуулж алхаад энд тэнд очиж юм ярьж суусаар байгаад гэрт нь хүргэж
өгчээ. Тэд одоо гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь “Хэдийгээр бидний амьдралыг орцны
цонхоор шийдсэн ч гэсэн сайхан амьдрал бэлэглэсэнд баярлалаа” хэмээн хошигнодог
ажээ. “Яг л орцны цонхоор шийдчихсэн юм даа.” хэмээн түүний харцанд нь оч
гялалзаж, инээмсэглэлд нь аз жаргал тодроно. “Аав маань бидэнтэй яг л найзууд
шиг харьцдаг. –За, юу байна даа хөгшөөн гээд л ирдэг. Гадны хүн хөндлөнгөөс
хараад гайхах ч бид яг л найзууд шиг байдаг. Сүүлийн үеийн дуу хөгжим,
кинонуудыг надаас илүү мэддэг шүү. Энэ нь биднийг илүү ойр дотно болгодог
байх.” хэмээн түүний хүү Төгөлдөр инээмсэглэн ярина. Эцэг хүү хоёр жигтэйхэн
адил инээмсэглэнэ. Тэдний хайр хажуунаас төөнөх шиг боллоо.
“Хамгийн чухал, нандин зүйл гэр бүл юм. Би зураг
авч, байшин барьж болно. Тэдгээрийг зарж, сольж, хаяж болно. Харин гэр бүл
гэдэг бол хаягдахгүй, солигдохгүй, гээгдэхгүй хүний дотоод сэтгэлийн углуурга
дахь хамгийн нандин зүйл байх ёстой. Эхнэр бид хоёрт хүнээс илүү гарсан зүйл
байхгүй ч хүүхдүүдийнхээ боловсролд ихээхэн анхаардаг. Хүн мөнгөтэй байж болно,
мөнгөгүй ч байж болно гол нь тархи нь дахь мэдлэг боловсрол хамгаас чухал” гэв.
Ган-Өлзий гэх эцэг баганатай монгол өрхийн тод төлөөлөл хэмээн энэ энэ гэр
бүлийг тодорхойлмоор.
Түүний уран бүтээлийн
нэрийг “Жи Жи” гэдэг. Энэ нь түүний Гончигийн Ган-Өлзий хэмээх овог, нэрийн
эхний үсгүүдийг англи үсгийн дуудлагад шилжүүлэн нэрлэсэн нь юм.
Жи Жи уран бүтээлийн анхны үзэсгэлэнгээ монголын байгалийг нүүдэлчдийн ахуй
соёлтой хамтатган гаргаж байсан. 2012-2014 оны хооронд “Хөх тэнгэрийн
орноор” үзэсгэлэнг 21 аймгаар төдийгүй Улаанбаатар хотод хоёр удаа гаргасан. Мөн 2013 онд БОАЖ яамны захиалгаар, 2015 онд Ерөнхийлөгчийн Тамгын
газрын хүсэлтээр уран бүтээлийн үзэсгэлэнгээ Төрийн ордонд гаргаж байжээ.
Тэрээр СТА төдийгүй Байгаль Орчны тэргүүний ажилтан юм. Мөн тэрээр төөрөхгүй байх үүднээс байнга
GPS-тэй аялдаг бөгөөд зураг авсан газрынхаа солбилцолыг түүндээ тэмдэглэдэг.
Байгалийн үзэсгэлэнт 100 гаруй газрын байршлыг түүндээ багтаажээ. Хүмүүс тэдгээр
газарт очихыг хүсвэл GPS-дээ солбицолыг хийхэд шууд очих боломжтой болж байгаа
юм. Тийнхүү 5 жил авсан гэрэл зургаараа “Хөх тэнгэрийн орноор” хэмээх аялагчийн
гарын авлага болон гэрэл зургийн альбум гаргажээ. Мөн “Студи-11” гэрэл зургийн
студийг 2010 онд үүсгэн байгуулж өнөөг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж
байна. Хүн мэргэжилдээ дуртай байж түүгээрээ амжилтанд хүрч чаддагийн томруун
жишээ энэ юм.
Гахай жилтэй матрын ордны
Ганган ораанж машинтай
Ганцаар аялах дуртай
Геаграфикаар хоббигоо нэмж
Гэрэл зургаар бүтээл туурвидаг
Гэм нь гэвэл жаахан онгироо
Гэхдээ тэр нь өөрт нь зохидог” хэмээн түүний нөхөр Нэргүй түүнд зориулан шүлэглэжээ. Онгироо зангийнх нь тухай түүний уран бүтээлийн анд Түшигээс асуухад “Монгол орноороо бүхэлд нь аялчихсан хүн хийж бүтээснээрээ онгирох хэрэгтэй” хэмээн Жи Жи-г өмөөрөнгүй хариуллаа. Мөн түүнийг гүндүүгүй нэгэн хэмээсэн юм.
Жи
Жи өөртөө дуртай. Мөн өөрийнхөөрөө л байхыг хүсдэг. “Надад сайхан гэр бүл, сайн
хань, сайхан найзууд байдаг учраас би зорьсоноосоо ухарч шантардаггүй. Би тууштай байхыг эрмэлздэг.” хэмээсэн нь
хэлсэн үг, хийсэн үйлдэл бүртээ эзэн байдгийг илэрхийлнэ. Тэрээр бусдын
ертөнцийг тодотгогч, өөрийн ертөнцийг нэгэн чигч гэрлээр итгэл дүүрэн авч явагч
хүмүүн юм.
О.Болор-Эрдэнэ





Comments
Post a Comment