"Далай агуу том, завь өчүүхэн жижиг"


             

 Америкийн зохиолч, сэтгүүлч Эрнест Миллер Хэмингуэй 1899 оны зургаадугаар сарын 22-нд төржээ. Тэрээр 1954 онд "Өвгөн тэнгис хоёр" туужаараа Нобелийн шагнал хүртсэн дэлхийн алдарт зохиолч юм.

Тус зохиолчийн "Зэр зэвсэг минь баяртай" зохиолыг уншихаар Үндэсний номын сангаас авсан боловч орчуулгын хувьд хэт нуршуу хүнд хэцүү санагдсан учир яагаад ч хичээгээд дуусгаж чадсангүй. Дэлхийд алдартай ч монголд төдийлөн алдаршаагүй нь түүний орчуулга Монголын хөрсөнд буугаагүйтэй холбоотой байх гэж бодогдлоо. Харин "Өвгөн тэнгис хоёр" туужийг нам сууж уншив.

Номын арын хэсэгт "Өвгөн тэнгис хоёр" тууж байхыг олж хараад эхэндээ их гайхсан. Учир нь маш зузаан ном байдаг гэж төсөөлж байсансан. Гэвч зузаан боть биш ч уншууштай гайхалтай тууж ажээ. 
           
"Өвгөн тэнгис хоёр" зохиол амьдрал хүний хоорондын уялдаа холбоо, тэмцэл зөрчлийг тод харуулжээ. Тэнгисийг амьдрал хэмээгээд гол дүрийн Куба загасчин өвгөн Сантьяго бол уншигч хүн бүрийн төлөөлөл юм. Хэдийгээр тэрээр өвгөн буурал болж хүч сул дорой болсон ч гэлээ өөрийн туршлага ухаанаар хүнд хэцүү саад тотгорыг даван туулах аж. 

Куба загасчин өвгөн Сантьяго наян дөрөв хоногийн турш нэг ч загас бариагүй ажээ. Өвгөнтэй цуг загасчилдаг хүүг эцэг эх нь олон хоногийн турш загас барьж чадаагүй учир Сантьягог заяа нь хаясан амьтан гэж үзээд, хүүгээ өөр загасчинг дагалдуулан анд гаргах болжээ. Өөрт туслах хүнгүйгээр ганцаар загасчилах болсон өвгөнд ангийн наян тав дахь өдөр аз нь гийх болно. Өмнө нь тэрээр бас наян дөрвөн өдөр загас агнаж чадаагүй ч наян тав дахь өдөр нь том загас барьж байжээ. Түүний хүлээлт болсон энэ өдрөөс зохиолын гол үйл явдал эхэлдэг. 

Энэ өдөр Сантьяго урьд өмнө нь хэзээ ч агнаж байгаагүй маш том марлин загас барьдаг. Завинаас нь ч урт, лунзгар том энэ загасыг туслагч хүүгийнхээ хамжлагагүйгээр агнах өвгөнд тийм амар байсангүй. Загасанд чирэгдэн далай тэнгисээр гурван өдөр, гурван шөнө явсны эцэст өвгөн хашир ухаан, тэвчээр, шантрашгүй зангийнхаа ачаар олзоо агнаж чадна. 
Гэвч жинхэнэ тэмцэл тулаан үүний дараа эхэлдэг. Өвгөн олзоо өөрт авч үлдэх гэж маш олон аварга загастай тулалдана. Зохиолын үйл явдлын цаана байгаль хүн хоёрын тэмцлийг уран дүрслэл, үйл явдлаар харуулна. 

Туужийн "Өвгөн, тэнгис хоёр" гэсэн гарчиг, Сантьяго хэмээх хувь хүний тавиланг бус, харин өдрөөс өдөрт амьд гарах гэж тэмцэх хүн төрөлхтний хувь тавиланг онцгойлжээ.

“...Хоёулаа Терраст очиж суулаа. Загасчид өвгөнийг хараад жуумалзан тохуурцгаахад өвгөн гомдсонгүй”


Туслах хүү өвгөнтэй загасчилахаа больсон ч өглөө бүр түүний загасны хэрэгслийг завь рүү нь зөөхөд тусалдаг билээ. Харин Сантьяго түүнийг өглөө бүр сэрээдэг "... Та ч миний нэг ёсны сэрүүлэгтэй цаг юм даа гэж жаалхүүг хэлэхэд, өвгөн:
- Өтлөх гэдэг ийм сэрүүлэгтэй цаг шиг болгочих юм. Өвгөд яагаад ийн эрт сэрдэг вэ? Ядаж тэр өдрөө ч болохноо уртсгахын тулд юм болов уу?..."

"...Өвгөнийг гарахад жаалхүү араас нь дагалаа. Нойрмоглон сэрж ядаад байхаар нь өвгөн мөрөөр нь тэвэрч: 
-Намайг уучлаарай! гэхэд жаалхүү: 
- Юу гэсэн үг вэ. Эр улсын төөрөг тавилан ийм байдаг хойно. Өөр яалт ч үгүй гэв.
Хоёулаа замаар уруудан өвгөний овоохой руу явлаа. Завиныхаа шургийг үүрсэн, чирсэн хөл нүцгэн улс харанхуйн дунд зам дагуу цувна. Овоохойд ирээд ороомог утастай сагс, гох, жаланг жаалхүү авч, өвгөн шурагт ороосон дарвуулаа үүрэв. 
- Кофе уух уу? гэж жаалхүү асуулаа
- Хэрэглэлээ завин дээрээ аваачиж тавьчихаад ууя гэж өвгөн хариулав.

...Өвгөн яаралгүйхэн кофе оочилж суулаа. Өнөөдөр дахиад хоол унд идэж уухгүй болохоор одоо сайн ууж авах хэрэгтэй гэдгийг өвгөн юу эс андах билээ. Хоол идэх дуршил нь буураад удаж байгаа бөгөөд тэгээд ч тэнгист гарахдаа хэзээ ч хоол хүнс авч явж байсангүй. Завины хушуун дээрхи ганц лонх ус л орой болтол хэрэглэх “унд хоол” нь болдог. Жаалхүү сардин загас, сонинд боолттой өөшний загаснуудыг авчрав. Загасчид хайрга шажигнуулсаар зөрөг уруудан бууж ирээд завиа өргөж, ус руу түлхэв.

-          За, өвөө, олз омогтой яваад ирээрэй гэж хүү хэлэв.
-          Чи ч бас олз омогтой яваарай гэж өвгөн хариу ерөөлөө.

Өвгөн онгоцны чихний шаантагт сэлүүрийн олсон гогцоог углаад урагш бөхийж, харанхуйн дунд завиа зогсоолоос гаргав. Тэнгисийн бусад элсэн харгианаас өөр завинууд ч тэнгист гарч байлаа. Сар толгодын цаагуур орсон тул өвгөн энэ бүгдийг хараагүй ч гэсэн завиа усанд тавих, ус сэлүүрдэх чимээ дуулдах аж.
     
Үе үе энд тэнд завин дээр хүмүүсийн ярилцах сонстоно. Гэхдээ олонхи завин дээр нам гүмхэн байх агаад тэдний зөвхөн сэлүүрдэх чимээ л дуулдана. Тэнгисийн булангаас гармагцаа загасчин бүр загасчлах газрынхаа чигийг барин тал тал тийшээ тарж одов. Өвгөн тэнгисийн эргээс алсхан очихоор нэгэнт шийдсэн тул эх газрын үнэр амьсгалыг ардаа орхиж, далайн өглөөний цэнгэг агаарын зүг шууд сэлүүрдэв. Загасчдын “Их худаг” гэж нэрлэдэг тэнгисийн тэр хэсэг дээгүүр хөвөхдөө усны гүнд замаг гэрэлтэхийг олж харав.

...Өвгөн шувуудыг, нэн ялангуяа цаг үргэлж хоол тэжээл эрэн бэдрэвч бараг юу ч олж идэж чаддаггүй тэнгисийн арчаагүй бяцхан хараацайнуудыг их өрөвддөг билээ. “Дэлт бүргэд зэрэг хүч тэнхээтэй том шувуудыг эс тооцвол шувууны амьдрал биднийхээс зовлонтой. Энэ шувуудыг юунд далайн хараацай лугаа адил арчаагүй, эмзэг булбарайхан бүтээв, тэнгисийн араншинг үргэлжид тэнэгэр сайхан байхгүй шүү дээ? Тэнгис тайван амгалан, даанч сайхан л даа, гэхдээ заримдаа гэнэт догшрох ширүүсэхүй дор дээгүүр нь үймцэн нисэлдэх, хоолны хойноос дайран шумбаж, гунигтай дорой дуугаар дуу дуугаа авалцан ганганалдахыг харахад, хөөрхийс минь даанч өрөвдөлтэй, Тэнгисийн аяыг тэд яахин даах билээ” гэж бодно.

“... Өвгөн тэнгисийг агуу их өглөг хишиг хүртээхдээ хүртээдэг, үгүйдээ үгүй бүсгүй хүн гэж ямагт боддог. Гэхдээ сайхан муухай аашлах нь түүний язгуур чанар учраас яах ч билээ. “Тэнгэрийн саран бүсгүй хүнийг догдлуулдаг шигээ тэнгисийг бас долгилуулан догдлуулдаг” гэж бодох бөлгөө”

“...Өнөөдөр аз таарах ч юу магад. Өдөр өдөр адилгүй шүү дээ. Аз таарах аливаа хүнд сайхан байлгүй л яах вэ. Гэхдээ би аз таарахаас ажлаа ягштал хийхийг илүүд үздэг. Харин аз таарвал яалаа гэж нүүр буруулах вэ, уухайн тас тосоод авахад бэлхэн гэж өвгөн бодов.”

“... Алаад махыг нь эвдэлж жижиглэчихээд байхад зүрх нь цохилж байдаг болохоор олонхи хүн яст мэлхийд ширүүн ханддаг”

“Уг нь элдэв илбээс, хүмүүний ов мэхээс хол тэнгисийн харанхуй гүндээ үлдэх хувь зохиолтой байж. Би ганцаараа гарч, нэг ч хүний хүрээгүй газраас түүнийг олох хувь зохиолтой байж. Ертөнцийн нэг ч хүн хүрээгүй газраас гээд бод доо. Гэтэл бид өнөөдөр үд дундаас хойш холбоотой боллоо. Түүнд ч, надад ч туслах амьтан байхгүй” гэж өвгөн бодлоо”

“Бяцхан шувуу минь, сайхан амарч аваад эргийн зүг нисч, аливаа хун, шувуу, загас амьдрахын төлөө яаж тэмцдэг вэ, тэгж тэмц! гэв”

Өвгөн алсыг ширтсэнээ одоо ганцаардсанаа ухаарлаа. Усны харанхуй гүнд хугаран олон өнгөөр солонгорох нарны гэрэл, доош татагдан орсон утас болон тэнгисийн хачин атираатахыг харж явлаа. Үүлс бөөгнөрөн хуралдаж, салхи гарахыг дохиолов.

Өвгөн урагшаа харахад тэнгэрт зэрлэг нугасны сүрэг тодрон тодорсоор айсуйг үзээд тэнгист хүн хэзээ ч ганцаарддагүйг ухаарав.”

Нобелийн шагналт энэхүү тууж нь тэр чигтээ амьдралын, амьд байхуйн утга учрыг өгүүлбэр бүртээ шингээн тусгажээ. Амьдралд цөхрөх, шантрах урам хугарах тохиолдол цөөнгүй. Ганцаардах тохиолдол ч үй түм. Харин дээрх өгүүлбэрт байгалийн үзэсгэлэн тэр дундаа амьд байгаль үргэлж хажуу дэргэд оршихоос гадна жижиг зүйлд ч утга учир оршиж байдаг гэдгийг энгийн зүйрлэлээр маш яруу илэрхийлжээ.

 “... Өвгөн үүнийгээ мянга дахин нотолсон. Гэвч тэр ямар хамаатай юм бэ. Одоо дахиад нотлог. Юмыг дахиад шинээр тоолдог шүү дээ. Тийм болохоор урьд хийсэн, өнгөрсөн юмаа өвгөн хэзээ ч эргэн дурсдаггүй”

“... Өрсөлдөөн ням гарагийн өглөө эхлээд даваа гарагийн өглөө өндөрлөжээ”

“... Дийлье гэвэл хэнийг ч гэсэн дийлж болох юм байна гэдгийг тэр ойлгожээ. Бас загас барихад чухал хэрэгтэй баруун гарт нь ингэж тэмцэх нь хортой гэж боджээ. Зүүн гараараа хэд хэдэн удаа өрсөлдөж үзсэн аж. Гэтэл зүүн гар нь эзэндээ захирагдахгүй, дандаа л ялагдаад байхаар нь түүнд итгэхээ ч байж”

“...Үдшийн бүрэнхий болохоос өмнөхөн нэг их үргэлжилсэн саргасын замгийн хажуугаар өнгөрөхөд замаг долгионы аясаар хөвсөлзөн намилзах нь тэнгис шар хөнжил доор хэн нэгэнтэй тэврэлдэж байх шиг санагдав. Тэгтэл нэг бяцхан гохонд нь макрель загас оров...”

“... Би яагаад хоёр сайн гартай төрсөнгүй вэ? Солгой гараа ажилд сайн сургаагүй миний буруу байж болох юм. Гэхдээ өөрөө сурч болох байсныг тэнгэр мэднэ дээ! Үнэнийг хэлэхэд хөөрхий минь урд шөнө дажгүй ажилласан шүү.”
“-Одоо миний гарын шөрмөс татахгүй. Загас дээшээ гарч иртэл би тэснэ. Өвгөн чи тэсэх ёстой. Дийлдэнэ гэж бодож огт болохгүй гэж өөртөө хэлэв”

“... Өвгөн сэрээн жадаа аль хэдийн зэхжээ. Нарийн төмөр татлаганы нэг үзүүрийг завины хошуунаас уяад дугуй сагсанд эвхээстэй нь тавьжээ. Загас намуухан тойрсоор ойртож ирэв. Гоё амьтан аж. Асар том сүүлээ үл мэдэг шарвасхийн хөвнө. Өвгөн загасыг завинд аль болох ойртуулахаар байдаг тэнхээгээрээ татлаа. Загас тэрхэн зуурт налсхийн хөлбөрснөө биеэ цэхэлж, дахиад тойрч эхлэв.
-          Хөдөлгөчихөж байна шүү. Ямар ч байсан нэг холбируулаад авлаа гэж өвгөн хэлэв.
Толгой нь дахиад эргэсэн ч, өвгөн том загасыг хар тэнхээгээрээ татсаар л байлаа. “Ямар ч байсан холбируулсан шүү. Одоо нэг татахдаа өехийг нь өөд харуулж дөнгөх байх аа” гэж бодсоноо, өвгөн: “Хөл минь бат зогс! Толгой минь надад тусал! Чи хэзээ ч намайг хөөдөж байгаагүй. Одоо би түүний өехийг нь өөд харуулаадахъя гэж хэлээд, -Татаад!” гэж хоёр гартаа тушаалаа. Загас завинд ойртохоос өмнө өвгөн байдаг тэнхээгээ шавхан татав. Тэгтэл загас налсхийн хажуулдсанаа тэр дороо цэхэлж, цаашаа зүтгэв.
-          “Загас чи сонсож бай! Чи тэртэй тэргүй үхнэ шүү дээ. Чамд намайг үхүүлэх ямар хэрэг байна вэ? Гэв.

“Ингээд би юу ч олж долоохгүй нь” гэж өвгөн бодов. Хоолой нь хатаад ярьж ч чадахгүй болжээ. Лонхтой усандаа ч хүрэх тэнхэл байсангүй. “Одоо би үүнийг завиндаа тултал татах ёстой. Удвал би хүчрэхгүй” гэж бодсоноо, Үгүй ээ, хүчрэнэ. Өвгөн хэзээд хүчрэнэ” гэж бодлоо сөргөв. Дараагийн тойролтон дээр өвгөн загасыг гаргаж ирэхээ шахав. Загас дахин цэхлээд цаашаа аажуухан хөвлөө. “Загас чи намайг сүйд хийх нь. Энэ ч чиний эрх биз. Би энэ насандаа чамаас том, чамаас сайхан, чамаас дөлгөөн, буянтай амьтныг ер үзсэнгүй. За яах вэ, намайг албал ал. Хэн нь хэнийгээ алах нь надад хамаагүй болсон” гэж өвгөн бодов.

“Өвгөн утсаа хаяж хөлөөрөө гишгээд, сэрээн жадаа тээр дээр далайж далайж, загасны уснаас дээш суугаа хүний дайтай цухуйж буй живрийнх нь арханд бөөр лүү нь дүрэв. Жад жирхийн шигдэж орох нь мэдрэгдэхэд бүхий биеийнхээ жингээр дээрээс нь дарж, улам лав шигтгэв. Загас үхлийн мэс зүрхэндээ зоолгосон хэрнээ улам хөдөлгөөн орж, биеийн сайхан хийгээд сүр хүчээ гайхуулах гэсэн мэт уснаас тээр дээр үсрэн гарч ирэв. Өвгөн, завь хоёрын дээр агаарт дүүжлэгдсэн юм шиг санагдаж байлаа. Тэгснээ өвгөн, завь хоёрыг усаар цацаж, цагаан манан татуулсаар тэнгист пид хийтэл унав. Өвгөний тэнхээ тамир алдарч, дотор нь муухай оргилоо. Хоёр нүд нь бараг юу ч үзэхээ болив. Гэхдээ утас, жадны оосор хоёрыг султгаж, зулгарч, зүсэгдсэн гараараа аажуухан эвхэв. Сая нүдээ онгойж цэлмэхэд харвал загас мөнгөн өехийгөө дээш харуулан хэвтэж байв. Жадны иш нуруунаас нь ташуу цухуйж байв.”

“...Мөнгөлөг загас тэнгисийн давалгаан дээр зөөлөн бүүвэйлэгдэж явав. Өвгөн түүнийг нүд салгалгүй ширтэж явтал, хоёр нүд нь дахиад бүрэлзэв”

“Аварга загас хитэгт тулж, том загас руу довтлоход түүний ангасан ам, ер бусын нүд нь харагдаж, том загасны сүүлнээс дээхнүүр шүүрэн үмхээд, эрүүгээ хамхихад шүдний хариралдах нь дуулдав. Аварга загасны толгой улмаар нуруу нь уснаас дээш гарч том загасны арьс махыг ширхийтэл хуу татах хооронд, өвгөн аварга загасны хоёр нүдний хооронд, цохонд нь жадаа зоолоо. Өвгөн яг цохыг нь ононо гэж тооцоогүй бөгөөд ердөө шөвгөр хошуутай, зантгар хөх толгой, том нүд харагдаж, шүд нь тачигнаж, юу ч байсан хамж үмхэх урт эрүү үзэгдмэгц сэрээн жадаа шаасан хэрэг ажээ. Өвгөн аварга загасны яг тархинд жадалжээ. Сэрээн жадаа цус гартал эсгэгдсэн хоёр гараараа чанга атгаж, хар тэнхээгээрээ дүржээ. Өвгөн алчихна гэдэгтээ итгээгүй боловч уур хилэн нь бадарч, тун ч их шийдэмгий бүлжээ”
     
      ... Нэг нь завины доогуур гялсхийн орж, загасыг зулгаахад завь чичирхийлж байлаа. Нөгөө нь жартгай шар нүдээрээ өвгөнийг ажиглаж байснаа амаа том ангайгаад макогийн зулгаасан газар луу дайрав. Хүрэн толгойноос нь тархи нурууны нугастай нийлдэг тэр уулзвар газар тодхон үзэгдэхэд өвгөн сэлүүрт бэхэлсэн хутгаа зоолоо. Хутгаа тэр дороо сугалж, муурынх шиг шар нүд рүү нь дахин дүрэв. Аварга загас тасдаж авснаа залгиад, загаснаас салж усны гүн рүү живэв.

“Ийм загасыг нэг хүн өвөлжингөө иднэ дээ... Өвгөн минь, энэ тухай бүү бод! Одоо үлдээд байгаа юмаа хамгаалахын тулд тэнхэрч, наад гар хуруугаа амраахыг бод. Усанд ханх тавьж буй загасны үнэртэй харьцуулахад миний хоёр гарын цусны үнэр юу ч биш. Цус бараг гарахгүй байна... Би одоо юуны тухай бодох вэ? Юуны ч тухай бодохгүй. Юу ч бодохгүй, дахиад аварга загас ирэхийг хүлээх нь дээр. Энэ бүхэн үнэхээр үлгэр байгаасай. Юмыг яаж мэдэх вэ? Бүх юм сайн сайхнаар эргэж болно шүү дээ. Дараачийн аварга загас ганцаараа ирлээ. Бас л өргөн хоншоортын төрөл аж.

“Дээр тэнгэр, дэргэд тэнгис мэлтийнэ”

“Эхлээд нэг загасанд хүрэхийг хүлээе. Зуухаар нь хоншоор юм уу, тархин дундуур нь татья” гэж бодов. Хоёулаа зэрэгцэн ирж, арай хошуу өлгөж явсан нь амаа ангайж, загасны гялалзан цайрах бөөрөнд шүдээ шигтгэхэд өвгөн бороохойгоо дээр өргөж байгаад аварга загасны хавтгай толгой руу хүчтэй дэлсэв. Пидхийгээд яс тааралдсан янзгүй санагдахаар нь дахиад хоншоор дунд нь буулгав. Аварга загас доошоо гулсхийгээд явчихлаа”

“...Настайвтар загасчид бүр түгшиж байгаа нь мэдээж. Залуучууд нь бас ялгаагүй... Өвгөн загастай ярих гээд чадахгүй байв. Даанч муухай сэглэгдсэн болохоор нь тэр. Тэгтэл толгойд нь нэг шинэ санаа төрөв.
-          Тал загас! Гэж хэлэх болов. Уг нь бүтэн загас байсан юм. Би тэнгист хэрэггүй л хол гарч. Би хоёр биенээ сүйд хийчихлээ. Гэхдээ бид хоёр олон аварга загасны бодийг хөтөлсөн, түүнээс ч олныг бэртээж шархдууллаа. Хөгшин загас чи насандаа олныг цааш нь харуулсан байлгүй яав гэж? Толгой дээрх сэлэм чинь тун ч зүгээр байгаагүй шүү дээ гэв.

“Загасны тал үлдсэн нь овоо шүү. Азтай л байна, цээжийг нь ч гэсэн аваад харья.
-          Зардаг газар байвал жаахан аз жаргал худалдаж авах юмсан гэв. “Үгүй чи юугаараа авах гээ вэ? Алдсан сэрээн жад, ир нь эмтэрхий хутга, шархтай гараа өгч авах гээ юу? Гэж өөрөөсөө асуув. Яаж мэдэх вэ! Чи тэнгист өнгөрөөсөн наян дөрвөн өдрөөрөө аз жаргал худалдаж авах гээ биз дээ. Ингэхэд чи золтой л худалдаад авчихсангүй шүү дээ...

-          Жаалхүү унтаж унтаж босоод сурсан зангаараа өглөө өвгөнийд иржээ. Жаалхүү өвгөний амьсгалж байгааг мэдээд, гарынх нь шархыг харуутаа уйлав. Тэрбээр цай авчирч өгөхөөр гараад замын турш уйлжээ.
-          ... Баахан загасчин өвгөний завийг тойроод бүччихсэн түүнд уяж бэхэлсэн юмыг үзэж байв... Хоншоороос сүүлний үзүүр хүртэл арван найман фунт байна гэж хэмжиж байсан загасчин жаалхүү рүү хашгирав... –Аа-яа-яа-яа, тэр загасыг ээ! Мундаг аа мундаг. Үзэх нь байтугай дуулаагүй юм билээ. Чи ч гэсэн өчигдөр сайхан загас барьсан даг гэж эзэн хэлэв.
-          Миний загас юу ч биш гэж хэлээд жаалхүү дахиад уйлав.


-          “... Хэвт, хэвт. Битгий бос. Май үүнийг уучих гээд жаалхүү шилэн аяганд кофе хийж өгөв.
-          Аварга загаснууд намайг дөнгөчихсөн шүү, Манолин. Намайг тэд дийлсэн гэж өвгөн хэлэв.
-          Гэхдээ загас таныг дийлээгүй! Таныг ялаагүй шүү дээ!
-          Үгүй чиш. Юу үнэн бэ, тэр үнэн. Энэ бол сүүлд болсон хэрэг.
-          Педрико завь, юм хумыг чинь харж байя гэсэн. Тэр толгойг яая гэж бодож байна?
-          Педрико авч торондоо илбээс хийг.
-          Илдийг нь?
-          Чи авмаар байвал дурсгал болгож ав л даа.
-          Авья харин хоёулаа цаашид яах вэ гэдгээ ярилцья.
-          Намайг эрж хайсан уу?
-          Эрэлгүй яах вэ, эргийн хайгуулынхан, бас онгоцоор хайсан.
-          Тэнгис гэдэг тэнгэр шиг аугаа их, тэрний дунд завь гэдэг өчүүхэн жижиг, яаж харагдах вэ дээ гэж өвгөн хэлэв....

- “...Хөөе, тэр загасны толгойг Педриког ав гээрэй, мартуузай.
-          Мартахгүй ээ
Хүү өвгөнийхөөхөөс гарч, чулуутай замаар уруудаж явахдаа дахиад уйллаа.
Энэ өдөр Терраст хэсэг жуулчин ирэв.Тэдний нэг нь тэнгисийн булан руу орох хаалганы тэртээ дорноос үлээх хүчтэй салхинд тэнгисийн давалгаа хуйлран хуйлран үелэн босохыг харж байснаа шар айрагны хоосон төмөр лааз, далайн үхсэн залхаг дунд давалгааны түрэлтэд нэг амьтны нурууны сунайсан урт яс цайрч, аварга том сүүлнийх нь үзүүр тээр дээр савчин ганхаж байхыг олоод харчихжээ.
-          Тэр юу вэ ? гэж одоохон далайн таталтаар арчигдан одох бөөн хог дээрхи нэг амьтны нурууны ясыг зааж асуув.
-          Tiburon, аварга загас гээд үйлчлэгч болсон явдлыг тайлбарлах гэтэл мөнөөх жуулчин эмэгтэй:
-          Аварга загас ийм гоё махир сүүлтэй байдгийг би мэдэхгүй юм байна гэв
Өвгөн энэ үед уулын энгэр дэх оромжиндоо дахиад л унтаж байлаа. Тэрбээр бас л түрүүлгээ харан унтаж, жаалхүү дэргэд нь сахин суужээ. Өвгөнд арслан зүүдлэгдэнэ.




Comments

Popular posts from this blog

Бодол---Биеллээ олдог

Кафка "Хувирал"

"Мэлхий"