THE CATCHER IN THE RYE
“Хэн нэгэн хэн нэгнийг үдэш орой хөх тариан талбайгаас
дуудсан бол...” энэ өгүүлбэр л энэхүү зохиолын гол зангилаа, тайлбар юм. Шүлгийн
энэ хэсгийг сүмд очиж мөргөл үйлдчихээд аав ээжтэйгээ гэр лүүгээ харьж буй 6
настай бяцхан хүү амандаа аялж байдаг. Харин тус зохиолын гол баатар болох
Холден Колфилд шүлгийн энэ хэсгийг тэрхүү хүүгээс олж сонсдог юм. “Хөх тариан
талбайн ирмэг”-т гэдэг нь хүүхэд ч биш, том хүн ч биш энэ хүү их амьдралын
босго нь дээр ирсэн бөгөөд амьдрал гэх энэ талбайд хөл тавихдаа учраа үл олж,
бусдыг ажиглан ажихын зэрэгцээ айж эмээн зогсож буй дүр зургийг илтгэсэн юм. 16 настай өсвөр насны хөвгүүн болох Холден
Колфилд сувиллын газар эмчлүүлж байх зуур өөрт тохиолдсон явдлаа хүүрнэж
буйгаар зохиол эхэлдэг. Тэрээр хэд хэдэн удаа сургуулиас хөөгдөж байсан нэгэн
бөгөөд энэ удаа Пенсильваны хаалттай дунд сургуулиас ахин хөөгдөх болно. Түүнд
бүх зүйл утга учиргүй санагдахаас гадна Англи хэлний хичээлээс бусад бүх
хичээлийг үзэн яддаг. Тэрээр ихэнх шалгалтандаа унасан юм. Түүнд хэн ч хэзээ ч
юу ч таалагдаж байгаагүй, юу ч түүний сэтгэлд нийцэхгүй агаад эргэн тойрны бүх
хүмүүс нь дүр эсгэгчид мэт санагддаг. Тэрээр энэ нийгмээс ангид байхыг
хүссэхээр үл барам баруун зүг рүү явж, урц барьж түүндээ амьдрахаар шийддэг.
Тэр хэн нэгний утгагүй яриаг сонсохыг үзэн яддаг мөртлөө өөрөө үргэлж бусадтай
яриа өдөж байдаг нэгэн юм. Холден үргэлж л бусдыг үзэн яддаг мөртлөө үргэлж
дэргэд нь хэн нэгэн байгаасай гэж хүсдэг ганцаардмал бөгөөд хулчгар нэгэн.
Түүний дүр үнэхээр адармаатай. Юу хүсээд байгааг нь ойлгоход нэн төвөгтэй
боловч зохиолын төгсгөлд энэ нь бага зэрэг тодорхой болдог билээ. Хүн болгоны
туулаад өнгөрдөг хүүхэд нас, том хүний амьдралын зааг дээр төөрчихсөн Холден
Колфилд хүүгийн тухай зохиолоос өөрийнхөө зарим чанарыг ч олж харах шиг.
Магадгүй өсвөр насныхан төдийгүй залуу хүн бүрт түүний зан чанар өчүүхэн төдий
агуулагдаж байдаг болов уу.
Түүний
сэтгэл зүйн мэдрэмж нарийн бөгөөд үнэхээр уулга алдам... Уулга алдам гэдэг нь сонирхолтой содон. Түүний бодлууд ч ер бусын. Дүрслэл, үйл хөдлөл,
сэтгэл зүйн байдал гэх мэт. Гаднаа эелдэг даруу мөртлөө, бүхнийг дотроо шүүж
үзэн ядах хүүгээр дамжуулж олон зүйлийг ухаарч ойлгосон. Хүн хоорондын
харилцаа, бусдын тухай бодол гэх мэтчилэн.
“Үнэхээр сайхан зохиол. Ялангуяа
бага залуу дээрээ амжаад уншчихад маш чухал ном. Энэ номыг уншилгүйгээр залуу
насаа өнгөрөөчихвөл магадгүй, чи олон зүйл дээр насан туршдаа сэтгэл дундуур
явах болно” хэмээн зохиолч, яруу найрагч Г.Аюурзана хэлсэн байдаг. Энэ үгийг
анх олж харчихаад энэ номын юунд тэгтлээ үгийн шид оршдог юм бол гэж гайхсансан.
Гэхдээ үгээр илэрхийлэх боломжгүй ч хүнд олон зүйлийг бодогдуулж, магадгүй
залуу хүн бүрийн тэнэглэж, алдаж болох алдаа дутагдал, бас зарим нэг сэргэлэн
овжин зоригтой шийдвэрүүд уншигч бүрт нэгийг бодуулж, догдлуулж, цаг хугацааг
бидэнд товчилж, сургамжилдагт түүний нууц оршдог байх. Энэ номыг уншихад та
тэвчээртэй дээрээс бага зэргийн хошин мэдрэмжтэй байхад Холден Колфилд хэзээ ч таныг
уйдаахгүй, амлая. Үглээ яншаа мэт энэ хүү яаж бодолд автуулж, залхааж,
инээлгэж, бас сэтгэл өвтгөж гуниглуулж байсан гээч.
Тэр
надад адал явдлыг эрэлхийл гэж эцэст нь шивнэсэн. Хүн бүр энэхүү зохиолд өөр
өөрийн дүгнэлтийг хийх байх. Харин тэр миний дотны найз болж, би түүний
алдаанаас суралцаж, бас адал явдалт уран сэтгэмжит, хөгжилтэй зан нь ихэд
таалагдсан. Хэлдэг хараалын үгс нь дэргэд хэлж байсан бол цохичихмоор байсан ч
түүний үг, үйл хөдлөлд үнэхээрийн хачир чимэг болж байсан билээ. Ном дуусах
дөхөхөд сэтгэл гунигласныг хэлэх хэрэгтэй. Учир нь намайг хором ч уйдаагүйгээс
гадна 3 нээж суугаад л уншаад дуусгачихсан. Хамт байхад их хөгжилтэй, бас янз
бүрийн зүйл сэдэж ярьж байснаа тэр л томоогүй зангаараа өөр нэг өрөө рүү орж
чалчихаар явчихсан мэт үгүйлэгдэж байна. Гэвч тэр бодол санаанд минь үргэлж
хадгалаастай.


Comments
Post a Comment